Д.Амарбаясгалангийн Шаг, Мад

Б.Энхтулга
2025-09-30

Монгол Ардын нам бага хурлаараа даргаараа сонгосон. Дүрмийн бус ч бай дүрмийн дагуу ч бай ямартай ч намын дарга гэж хүн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болчихлоо. Одоо яах вэ? Гэдэг асуулт олны дунд гарч байна. Тодорхойлбол Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох уу? Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар нурах уу? Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болоод Л.Оюун-Эрдэнэ их улс төрд эргэн ирж УИХ-ын дарга болох уу? Гэх мэтчилэн.

Таамаг #1

Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болохгүйгээр Г.Занданшатарын засгийг удирдана

Намын дүрэмдээ “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалттай. Дэвшүүлсэн хүнийг бага хурал дээр дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд болно. Шууд Ерөнхий сайдын хаалгыг татаад орохгүй. Гэхдээ одоогоор намын дарга болчхоод байгаа Д.Амарбаясгалан 2024 оны сонгуульд намаа удирдаж ороогүй. Тийм учраас Д.Амарбаясгаланг заавал Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй байж болно. Тухайн үед удирдаж олонх болгосон хүн нь Л.Оюун-Эрдэнэ. Энэ хүн их улс төр рүү эргэж орох орон зай одоогоор байхгүй. Тэгээд ч намын даргаас чөлөөлөгдчихсөн. Тэгэхлээр Д.Амарбаясгалан биш одоогийн байгаа Г.Занданшатарыг үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой гэсэн үг. Улс төрийн ньюансыг ажиглахад Д.Амарбаясгалан Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхгүй байх магадлалтай харагдаж байна. УИХ-ын даргаа ч хийнэ намаа ч авна гэсэн бодолтой л анхнаасаа намын даргад нэр дэвшсэн гэж харахаар. Харин Засгийн газрыг нь одоогийн Г.Занданшатарт үлдээгээд цааш явна. Энэ нөхцөлд Г.Занданшатар ерөнхийдөө шатрын хүү болж таарах байх. Харин УИХ-ын дарга тэгээд намын дарга байна гэдэг бол асар их хүч. Хүссэн үедээ Г.Занданшатарын Засгийн газрыг унагаж чадна, залуурдаж, ташуурдаж ч чадна. Харин 2028 оны сонгуульд утгаар нь 80-аад оны төлөөний нам болох эхлэлээ тавьж МАН-ыг өөрийн болгох төлөвлөгөө. Түүнд Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн эрх ч оногдоно. Ер нь бол МАН тэр чигээрээ Д.Амарбаясгалан болон 80-аад онынхны нам болно гэсэн үг. Түүний алсын хараа энүүхэнд байгаа Ерөнхий сайд биш. Эхний бодлого бол энэ.

Таамаг #2

Дараагийн Ким Жон Ун

Нэгэнт намын дарга болсон болохоор хэцүү цагийн баатар дүрд тоглож болох юм. Улс орны эдийн засаг тааруу байгаа энэ үед Ерөнхий сайдад өөрийгөө зүтгүүлж дэмжүүлээд Засгийн газрын орон тоо бүтцийг өөрчилж сайдын тоог багасгаж, яамдын тоог цөөлөн бага хүчээр том тоо руу зүтгэх. Яг л намын даргын ажлаа авчхаад намын байрандаа ирэх үед нь ажлын албаныхан нь Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун шиг угтаж авсан тэр алга ташилтыг мэдрэх гэж. Манай улсын хувьд эрх баригчид нь зөв бодлого гаргаад улс төрөө ардаа үлдээгээд зүтгэхэд эдийн засаг, гадаад худалдаа, нийгмийн амьдрал хэдхэн жилийн дотор л үсрэнгүй болж чадахаар нөөц бололцоотой. Эрх баригчид нь хүчилдэггүй, улс төр хийж дороо хий эргээд л байдаг болохоос биш. Гэхдээ Ерөнхий сайд болох юм бол олны яриад байгаа шиг Л.Оюун-Эрдэнийг засагт багтаах, УИХ-ын даргад дэмжих гэх мэт хий гаргахгүй байх. Хэдий найз ч угаас нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа улс төрчийг өөртөө нааж хэтийн бодлоо булингартуулахгүй биз. Тийм учраас Л.Оюун-Эрдэнэ улс төрд эргэн ирнэ гэдэг айдсаас бид салах ёстой. Д.Амарбаясгалан намын дарга болох гэж зүтгэсэн нь нэгт өөрийнхөө эрх ашиг хоёрдугаарт найзынхаа аминд орсон үйл явдал байх магадлалтай. Л.Оюун-Эрдэнэ түрдээ хөшигний ард үлдэнэ. Энэ бол хоёр дахь бодлого.

Таамаг #3

У.Хүрэлсүхийн дэгээ 

Намын даргын санал хураалт дүрмийн бус явсан гэж дээд шүүх үзэн батламжлахгүй буцаах. Ингээд Г.Занданшатарын хүссэнээр намын Их хурлаар дахин намын даргын санал хураалт явагдах. Дүрмийн бус явагдсан гэж үзэх шалтгаан нь энэ. Намын дүрэмдээ “Намын Их хурлын чөлөөт цагаар намын дарга орон гарвал бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно” гэж заасан байдаг. Гэвч өнгөрсөн бямба гарагт явагдсан намын бага хурлаар явуулсан санал хураалт нь намын дарга орон гарсан гэсэн эхний өгүүлбэрээ зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайлбал Л.Оюун-Эрдэнэ намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч бага хурлаар баталгаажуулах ёстой байтал баталгаажуулаагүй байх үед нь дараагийн алхам буюу бага хурлын гуравны хоёрын саналаар намын даргын санал хураалтыг явуулсан. Ингэхдээ хоёр үе шаттайгаар буюу эхний шатанд хоёр нэр дэвшигч аль аль нь гуравны хоёрын санал аваагүй байхад дараагийн шатанд аль илүү санал авсан нэр дэвшигч дээр дэмжинэ, дэмжихгүй гэсэн санал хураасан гэх. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөөгүй байх үед намын даргын санал хураалт явуулсан бол энэ нь дүрмээ зөрчсөн болох нь гарцаагүй. Үүн дээр дөрөөлөөд Г.Занданшатарын тал ажиллана. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг жилийн хугацаатай томилдог. Г.Занданшатарыг хэн зүтгүүлээд байгааг бүгд харж, таамаглаж байгаа. Түүний ард 01 байгаа гэх. Энэ тохиолдолд Д.Амарбаясгалангийн намын даргыг батламжлах дээд шүүхийн шийдвэр гацаанд орж магадгүй юм. Тийм учраас намын даргын асуудал Их хурлаар шийдэгдэх нэг бодлого гарч ирж байна.

Ямартай ч өнгөрснөөс одоог болтол нам доторх тохиролцоо үргэлжилж байгаа байх. Д.Амарбаясгалан намын даргын сонгуульд ялсныхаа дараа “Намын эв нэгдлийг хангаж, Ерөнхий сайд Г.Занданшатартай хамтарч ажиллана” гэх үгийг хэлсэн. Энэ үг олон зүйлийн гогцоог тайлах магадлалтай. Учир нь тэрээр Ерөнхийлөгчид Г.Занданшатарт Засгийн газрыг нь үлдээе би намаа авъя гэж санал тавьсан байж болох юм. Ингэснээр ахтайгаа ч муудалцахгүй найзыгаа ч хаяхгүй өөрийнхөө ч хүчийг нэмнэ. Гэхдээ энэ саналаар цааш явах юм бол эрт орой хэзээ нэгэн цагт МАН Д.Амарбаясгалангийнх болж хувирах нь тодорхой. Гэхдээ Ерөнхийлөгч ийм нөхцөл байдлыг хүлээж авахгүй байх хэцүү. Яг одоогоор Д.Амарбаясгалан намдаа Ерөнхийлөгчийн араас орох хамгийн том дэмжлэгтэй байгаа нь тодорхой байна. Тиймээс өндийж байгаа эрийг хэрхэн гэдийлгэхгүй байх тухай бодлогыг л Ерөнхийлөгч бодож суугаа биз ээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe