Г.Занданшатар: Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн баримагц УИХ-ын дарга маань яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийсэн

Ж.Номин
2025-09-30

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар дөнгөж сая (2025.09.30 15:00 цаг) олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ.

Тэрбээр мэдэгдлийнхээ эхлэлийг эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс айхгүйгээр ажлаа эхлүүлсэн тухайгаа онцолсон юм. 

Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: 

- 2025 оны долоодугаар сарын 9-ний өдөр Эрдэнэс тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, нүүрсний хулгайтай тэмцсэн ажлынхаа үр дүнг дүгнэж байгаагаа мэдэгдэж байна. Эдийн засгаа  сэргээнэ гэдэг нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг. 

Намайг Ерөнхий сайдаар томилогдох үед төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн. Эдийн засгийн өсөлт 2.4  хувь болж унасан. Энэ бол нүүрснээс, нүүрсний үнэ буурснаас шалтгаалж байгаа. Ажлаа аваад түүхэндээ анх удаа улсын төсвийг 2.2 их наядаар хэмнэсэн төсвийн тодотголыг хийсэн. Өнөөдөр эдийн засаг сэргэсэн. Наймдугаар сарын дүнгээр эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрсэн.  Эрдэнэс тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд нүүрсний борлуулалтын орлого 1.6 дахин өссөн. Биржийн тээвэр 1.5 дахин өссөн. Экспорт 1.2 дахин өссөн. Үр ашиг  нь 3 дахин өссөн. Орлого 1.3 дахин өссөн. Олборлолт 1.1 дахин өссөн. Энэ  бүхэн бол тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн юм. 

Энэ бүхний үр дүнд эдийн засаг 5.7 хувь болж өсөөд, валютын нөөц 5.7 тэрбум доллар болж нэмэгдсэн.

Тэнд хийсэн хяналт шалгалтын үр дүнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрийг ил тод болгосон. Бүгд нотолгоотой, баримттайгаар АТГ-руу шилжсэн. 1 их наяд төгрөгөөр барьж байгуулсан нүүрс баяжуулах үйлдвэрийг 18 км-ийн цаана яагаад барьж байгуулсан бэ? Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан. Онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болж буурсан. 7 сарын 19-нд Эрдэнэс тавантолгой ХК-д очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож АТГ-руу шилжүүлсэн. Ийм хол зайд үйлдвэр барьсан хэр нь Бортээгийн уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьсан. Гэтэл тэр нь ашиглалтгүй. Тээвэр, зөөвөр нь асар өндөр өртөгтэй. Дээрээс нь 280 тэрбум төгрөгөөр конвер барихаар төлөвлөчихсөн. Тэр конвер нь хэзээ ч баригдаж дуусах юм. Тэрийг барьж дуустал 1 их наядын үйлдвэр маань ямар ч ашиггүй байх нь. Энэ үйлдвэрээ ашигласан бол нөгөө 44 их наядын хулгайгаас чинь илүү их ашгийг Монгол Улсын ирээдүйд урт хугацаандаа өгөх байлаа. Гэтэл энэ үйлдвэр одоо ямар ч ашиглалтгүй сул зогсож байна. Одоо тэрийгээ холбохын тулд 280 тэрбум төгрөгөөр конверийн шугам барьж байгаа. Иймээс бид нүүрсний хулгайг бүр мөсөн таслан зогсоохын тулд, эдийн засгаа сэргээхийн  тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлагатай. Ийм учраас Монгол Улсын төсөвтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. 

Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн баримагц МАН-ын даргад нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга маань яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн.

Залуучууд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсныг санаж байгаа байх. УИХ, Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр тухайн үед сонсголыг зохион байгуулж байсан. Би яг үүнтэй адилаар УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай  нь УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан. Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсон дээр тулгуурлах ёстой.  

Монгол Улсын Ерөнхий сайд би Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ мэдэгдэж байна.

Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий хийхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо" гэсэн юм.          

Ийнхүү түүний мэдэгдэл дууссан бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёрын хооронд томоохон дайн эхлэх шиг болов. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe