Хагас зууны түүхтэй “Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” 9 сарын 19-30-ны хооронд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд манай улсын тамирчин Чинзоригийн Нандинжигүүр дэд аварга болж, алтын дайтай мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.
Тодруулбал, Казахстаны Алматы хотод болсон уг тэмцээнд дэлхийн 88 орны 842 өсвөрийн шатарчин өрсөлдсөн. Тэр дундаа 10 хүртэлх насны охидын ангилалд 115 шатарчин өрсөлдсөнөөс “Стейниц” академийн шатарчин Ч.Нандинжигүүр мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр 11 дэх өрөгт Узбекистаны шатарчин Х.Хуснитдиноватай тэнцэж, Энэтхэгийн шатарчин Шарваанисатай адил 9.0 оноотой болсон бөгөөд чанарын илүүгээр Шарвааниса дэлхийн аварга болсон аж.
Ч.Нандинжигүүр нь Олон Улсын Шатрын холбооны дэд мастер цолтой тамирчин юм.
Мөн тус тэмцээний 8 хүртэлх насны охилын ангилалд 94 шатарчин өрсөлдсөнөөс Б.Цэлмэг хүрэл медаль хүртсэн байна.
Ташрамд, энэ жилийн тэмцээнд Монголын таван дасгалжуулагчийн удирдлага дор 27 шатарчин оролцож, ийнхүү хоёр тамирчин медалийн болзол хангажээ.
Сэтгэгдэл үлдээх