“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотой үүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 6 сарын 20-ны ээлжит бус хуралдаанаар дулааны цахилгаан станцад онц байдал тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Тавинбэхийг томилон ажиллуулж буй. Тэгвэл тэрбээр мэдээлэл хийлээ.
Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх:
- Тус станцад гарсан ослын уршгийг арилгаж хэвийн хэмжээнд оруулах таван багц ажил хийхээр төлөвлөсөн. Гурвыг нь энэ оны өвлийн их ачааллаас өмнө дуусгах ёстой. Өнөөдрийн байдлаар гурван ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Үлдсэн хоёр ажлыг ирэх оны өвлийн их ачааллаас өмнө дуусгахаар төлөвлөсөн. Тээвэрлэлт, барилга угсралт зэрэгт хугацаа шаардлагатай байна.
Засгийн газар шуурхай арга хэмжээ авч сэргээн босгох ажилд шаардлагатай санхүүжилт болон эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Үр дүнд нь сэргээн босголтын ажил амжилттай явж байна” гэв.
Энэ жил төлөвлөсөн гурван ажил дууссанаар Улаанбаатар хотод тус станцаас нийлүүлдэг байсан дулааны эрчим хүч хэвийн хэмжээнд нийлүүлэгдэх буюу III станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон аж.
Цахилгаан эрчим хүчний хувьд өнгөрсөн оны мөн үеийнхтэй 50 хувьтай нь тэнцэх хэмжээнд үйлдвэрлэл явуулна. Дутах 50 хувийг шинэ эх үүсвэрээс хангах тооцоо хийжээ.
Сэтгэгдэл үлдээх