“Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ын захирал А.Дэлгэржаргал зүй ёсны шаардлага тавьсан албан хаагчдыг сүрдүүлжээ

Ж.Номин
2025-10-02

Гучин найм дахь удаагийн “Үндэсний Номын баяр” хоёр долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 19-21 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болсон.

Арга хэмжээ дуусаад 14 хонож байгаа ч улсын төв талбай дээр түр барилга барьсан “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ өдийг хүртэл байгууламжаа хураагаагүй байна. Үүгээр ч зогсохгүй шаардлага тавьсан төрийн албан хаагчдыг заналхийлэн сүрдүүлжээ.  

Тодруулбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу талбай чөлөөлөх мэдэгдлийг тус байгууллагад хүргүүлсэн байна. Гэсэн ч шаардлагыг биелүүлээгүй тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд үндэслэн талбай албадан чөлөөлөх Нийслэлийн засаг даргын захирамж гаргажээ. 

Энэ асуудлаас үүдэн тус байгууламжийг барьсан газрын эзэн буюу “Динза Цондоолойгийн анд найзууд НҮТББ”-ын захирал А.Дэлгэржаргал нь Хотын даргын орлогч  А.Амартүвшин руу дарамталсан, сүрдүүлсэн, шаардсан агуулгатай мессеж бичих, утсаар залгаж доромжлох үйлдлүүдийг удаа дараа хийсэн байна. 

Заналхийлэл сүрдүүлгийн мессежнүүдийг нь тоймловол: 

  • Биет хөрөнгийн 700 сая төгрөг, биет бус оюуны өмчийн 2.8 тэрбум төгрөг нэхэмжилнэ.
  • Байгууламжийг буулгавал 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, дэмжигч инфлюнсерүүд ирэхэд бэлэн хүлээж байна. 
  • 700 мянган  уншигчтай номын сайн үйлсийн аян, 312 мянган дагагчтай хуудсаараа live хийнэ.
  • Сайн дурын үйлстнүүд болох 240 залуусаа дуудна.

Гурван сарын өмнө арга хэмжээ зохион байгуулаад тайзаа хураагаагүйн улмаас хүчтэй салхинд нурж, 3 хүн эрүүл мэндээрээ хохирсон. Удахгүй хүйтэрч цас орох тул энэхүү 2 давхар байгууламж нурах эрсдэл үүсэж, хүний эрүүл мэнд, цаашлаад амь насыг хохироовол "Динза Цондоолойгийн анд найзууд НҮТББ”-ын захирал А.Дэлгэржаргал хариуцлага хүлээх үү?

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe