“Бишрэлт Метал”, “Улаанбаатар Амазонс” багууд эхний хожлоо авч, энэ улирлын Үндэсний Дээд Лигийг нээлээ

Ж.Номин
2025-10-02

Монголын Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын нээлт өчигдөр буюу 10 сарын 1-нд М Банк Аренад боллоо. Энэ  улиралд эрэгтэй 10, эмэгтэй 6 буюу нийт 16 баг хожлын төлөө өрсөлдөх юм. 

Өнгөрсөн улиралд “М Хөгжлийн лигт” тэргүүн байруудад жагссан “Ховд шонхорууд” болон “Монголианс” баг Үндэсний дээд лигт орох эрхээ авсан бол эдгээрийн оронд “ИНҮТ Еэс ТЛЖ”,  “Налайх бизонс” багууд М Хөгжлийн Лиг рүү унасан юм.  

Эмэгтэй багуудын нээлтийн тоглолт “Улаанбаатар Амазонс”, “Пайретс” багийн өрсөлдөөнөөр эхэлсэн бөгөөд “Улаанбаатар Амазонс” баг 77:50 онооны харьцаагаар улирлын эхний хожлоо авав. 

Харин эрэгтэй багуудын нээлтийн тоглолт өнгөрсөн улирлын аварга, дэд аварга болох “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Метал” багуудын хооронд болж, 65:70 онооны харьцаагаар “Бишрэлт Метал” баг улирлын эхний хожлоо авсан юм.   

Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын нээлтийн эхэнд өнгөрсөн улирлын Аварга “Хасын Хүлэгүүд”, “Улаанбаатар Амазонс” багууд Аваргын бөгжөө гардан авсан бөгөөд сагсан бөмбөгийн төрлөөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн МУГТ Б.Билгүүн, МУГТ Т.Санчир, МУГТ О.Хулан, МУГТ Б.Ариунцэцэг, МУГТ М.Цэрэнлхам нар  “Үндэсний Дээд Лиг”-ийн аваргын цомыг М банк аренад залжээ. 

Харин МУГТ Н.Нандинхүсэлийн хувьд Флорида Технологийн их сургуульд тэтгэлгээр суран,  “Florida Tech Panthers” багт тоглохоор АНУ-ыг зорьсон билээ.  

Ташрамд, энэ улиралд FIBA-гийн Олон улсын шүүгч Kinsgley Ojeaburu ажиллаж байна. Түүний хувьд 2014 оны Испани улсад зохиогдсон сагсан бөмбөгийн дэлхийн аварга, 2019 оны БНХАУ-д зохиогдсон сагсан бөмбөгийн дэлхийн аварга, 2020 оны Токиогийн Олимпод шүүгчээр ажиллаж байсан бөгөөд FIBA-гийн олон улсын тэмцээнд 20 жил шүүгчээр ажилласан туршлагатай шүүгч аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe