Гүй жаал аа, гүй

.Graph
2025-10-02

МАН-ын дотоод зөрчил цагаан байрнаасаа хальж олны өмнө гарч ирээд хэд хонов. Дийлж байгаа дүр нь Д.Амарбаясгалан мэт болов ч хамгийн их айж байгаа нь бас тэр бололтой. 2023 онд эхэлсэн нүүрсний хулгайн асуудал яаж ийгээд л түүнтэй холбогдоод байдаг. Тухайлбал, 719 тэрбум төгрөгийн “Бор тээг”-ийн уурхайн нүүрс баяжуулах, борлуулах тендер. Түүний хажууд олон жил дагаж явсаар ирсэн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Лхамжавын үүсгэн байгуулсан “Админерал” гэх компани юм. Ганц хоёрхон ажилтантай компани “Бор тээг”-ийн уурхайн тендерийг яаж аваад хэдэн төгрөг гаргасан гэдгийг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нүүрсний сонсголын үеэр ил гарсан. Хэсэг хугацаанд чимээгүй явсан Ц.Чулуунзагдыг саяхан баривчлан одоог болтол хоригдсон хэвээр байгаа. Асуудалтай энэ нүүрсний хэрэгт хүний амь нас ч яригддаг. Хэдэн жил дамнан яригдаж байгаа энэ хэрэг энэ цаг үед эцэслэгдэх гэж байна уу. 

Уг нь “Нүүрсний хулгай” гэх нэртэй асуудлыг 2022 онд Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байх үедээ “Эрдэнэс тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай БЭТ тавьснаар эхлүүлсэн байдаг. Тэр үед одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдох гэж байгаа Б.Энхбаяр хуулийн сайдаар ажиллаж байв. Улмаар нүүрсний сонсгол хийгээд эхлэх үед Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий хүмүүс нүүрсний томоохон хулгайд холбогдож эхэлдэг. Ингээд “Нүүрсний хулгай” гэх сэдэв тухайн үедээ олон нийтийн эгдүүцлийг хүргэж өргөн хүрээний жагсаал болон талбайг дүүргэж байсныг санаж байгаа байх. Яг тэр үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ ард түмний өмнө гарч ирэн нүүрсний хулгайчидтай эрчимтэй тэмцэнэ гэдгээ амлан олон нийтийн бухимдлыг бага ч болов дарж байсан. Л.Оюун-Эрдэнэ амаргүй цагийг үргэлжлүүлсээр дорвитой тэмцлийг хийж чадаагүй. Алсарсаар алсарсаар “Нүүрсний хулгайч” гэх нэрийг “Эрдэнэс тавантолгойн” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг зүүж таван жилийн ял аваад энэ сэдэв хэсэг намжиж байлаа. “Энэ хэрэгт олон томчууд байгаа. Би гараад ярьвал олон хүний зүрх зогсох гээд байна” гэх Б.Ганхуягийн зуулттай үг одоо ч тод сонсогдож байна. Ямар хүмүүсийн нэр яригдаж байгаа гэдгийг одоог болтол тэр ганцаар мэдэж байгаа. 

Монгол Улсын гадагшаа зардаг ганц бүтээгдэхүүн учраас “Нүүрсний хулгай” даравч далдайлгүй булавч бултайгаад дахиад гараад ирэх нь тэр. Яг энэ цаг үед ял эдэлж байгаа Б.Ганхуяг гэрчийн мэдүүлэг өгвөл бүх зүйлийн зангилаа тайлагдана. Тийм ч учраас Ерөнхий сайд Г.Занданшатар тухайн үедээ нүүрсний сонсгол хийж нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимтэй хийж байсан Б.Энхбаярыг дахин Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилон эхлүүлсэн ажлаа дуусгахыг үүрэг болгосон. Гэвч үүнийг хамгийн их эсэргүүцэж байгаа хүн нь Д.Амарбаясгалан болж байх шиг байна. Намын Хяналтын ерөнхий хороог хуралдуулж өчигдөр шөнө Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэр гаргалаа. Мөн ордон дотор Г.Занданшатарын Засгийн газрыг унагаах саналыг гишүүдээс асуугаад эхэлжээ. Үүнээс харахад “Нүүрсний хулгай” гэх хэргээс хэн хамгийн их зугтаж байгаа нь харагдаж байна даа. Гүй жаал аа гүй. Гэмгүй гэдгээ нотлох хүртлээ, гэмтэй бол зугтаж болох газар хүртлээ.

МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн ганц даргын асуудал ч биш хэн нь хулгайч, хэн нь үнэн гэдгийг харуулах цаг хугацааны албан тушаал бололтой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe