Б.Алтанчимэг холимог тулааны залуучуудын дэлхийн аварга боллоо

Д.Халиунаа
2025-10-02

Холимог тулааны 2025 оны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ий шигшээ тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний Залуучуудын ангиллын аваргын төлөөх тулаанууд явагдсан бөгөөд эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Байгалмаагийн АЛТАНЧИМЭГ Ангол улсын тамирчин Надир Виеираг хоёрдугаар үед хөлийн гурвалжин боолтоор буулган авч дэлхийн аварга боллоо. 

Тэрбээр улсын 2 удаагийн аварга, 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальтай бөгөөд ийнхүү холимог тулааны спортоор залуучуудын дэлхийн аварга болсон Монгол улсын анхны тамирчин болж байна. 

Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдөж байгаа Тбилисийн ДАШТ аравдугаар сарын 2-нд насанд хүрэгчдийн финалууд явагдсанаар өндөрлөх болно. Тус тэмцээнд Монгол улсаас нийт дөрвөн тамирчин нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe