МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр (2025.10.01) үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар тус хорооны 13 гишүүний 11 нь түүнийг намаас хөөхийг дэмжсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэр гарсантай холбогдуулан М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар МЭДЭГДЭЛ хийлээ. Дээрх гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
- МАН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ард түмнийхээ төлөө ажиллана, авлигатай тэмцэнэ, “ард түмэн ялах уу, авлигачид ялах уу гэдгийг шийдэх сонгууль” гэж уриалж, ард түмнийхээ саналыг авч сонгогдсон. Тиймээс төрийн эрх барьж байгаа МАН шударга, ёс зүйтэй, хууль дүрмийг чанд хэрэгжүүлж ажиллах ёстой. Өчигдөр орон МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Баттөмөрийн Энхбаяр гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан гэж хэвлэлүүдээс мэдээлэл авлаа. Бидний хувьд намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт 5Ш ажиллагааг үргэлжлүүлнэ, авлигаас ангид байна гэж тунхагласан болохоос биш албан тушаалын төлөө арсалдан, тэмцэлдэнэ гэж бид энэ сонгуулиар амлаагүй. Ард түмний амьдрал хүнд байна, цалин тэтгэврээ нэмэх шаардлагатай байна, ажлын байр хэрэгтэй байна гэж байхад эрх барьж байгаа нам албан тушаалын төлөө ийм дүрэмгүй тоглолт хийж болохгүй гэж үзэж байна. Тиймээс улс төрийн ууган намын хувьд энэ асуудал дээр ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. МАН-ын гишүүнийхээ хувьд шаардаж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын Хяналтын ерөнхий хороо Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөх шийдвэрээ эргэж харахгүй бол бид УИХ дахь МАН-ын бүлгээсээ, цаашлаад МАН-аас гарах хүртэл шаардлага тавина гэдгээ мэдэгдэж байна. Энэ шаардлагыг МАН-ын бусад гишүүд дэмжвэл бидэнтэй нэгдэж болно гэдгийг хэлмээр байна. Бид одоо шууд намаас гаръя гэж мэдэгдэл хийгээгүй. Энэ шударга бус зүйлээ засахгүй бол намаас гарах хүртэл арга хэмжээ авна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны өчигдрийн хуралдаан тэнцвэргүй болжээ. МАН авлигатай тэмцэнэ гэчхээд авлигын талаар дуугарсан хүнийг буруутгаад үлджээ. Б.Энхбаяр гишүүнийг худал мэдээлэл өгсөн гэх нэг асуудал байхад нөгөө талд нь Д.Амарбаясгалан даргатай холбоотой асуудал байгаа. Ингээд хоёр хүний асуудал байхад хуулиар гэм буруутай нь тогтоогдтол гэм буруугүй гэх зарчим зөвхөн нэг хүн дээр үйлчлээд нөгөө хүнд нь үйлчлэхгүй шийдвэр гарсанд харамсаж байна. Энэ шийдвэрийг МАН-ын мянга мянган гишүүдийн санал гэж бодохгүй байна. Тиймээс МАН-ын Хяналтын ерөнхий хороо гаргасан шийдвэрээ эргэж хараасай. Энэ шийдвэр нь МАН авлигалтай тэмцэхгүй, үүнээсээ ухарч байгаа гэж харагдаад зогсохгүй, нийт гишүүдийн итгэл үнэмшлийг төлөөлж чадахгүй байна гэж харж байна. Мэдээж дээрх асуудлууд нь шүүхээр шийдэгдээд, тодорхой болсоны дараа ярих нь зөв. Намын дүрэм дээр намаас хөөх шалтгаануудад тодорхой хэдэн заалт байдаг. Гэхдээ эдгээр заалтуудын алинд нь ч хамаарахгүй асуудлаар буюу зарчим ярьсан, улс нийтийн эрх ашиг ярьсан хүмүүсийг намаас хөөнө гэж айлган сүрдүүлдэг.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
- Хөгжлийн банк, нүүрсний хулгайн сонсголуудыг тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр ахлан, авлигал, албан тушаал, хулгайтай холбоотой бугшсан асуудлыг ард түмэнд нээлттэйгээр дэлгэж тавьсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа хувьд МАН-ын мөрийн хөтөлбөр болон монголын ард түмний хүсэж байсан шударга ёсыг тогтоох асуудалд Б.Энхбаяр гишүүн манлайлан ажилласан гэж би хувьдаа үздэг. Намын дүрмийн заалтууд дундаас яг аль үндэслэлд нь хамаатуулж Б.Энхбаяр гишүүнийг МАН-аас хөөж байгаа вэ гэдэг нь өөрөө асуудал. Нүүрсний хулгай, албан тушаалын гэмт хэргийг илчилснийхээ төлөө намаас хөөгдөнө гэдэг нь байж боломгүй асуудал. Хоёрдугаарт, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Үндсэн хууль зөрчөөд явж байгаа. Давхар албан тушаал хашиж байгаа. Тэгэхээр энэ хүний гаргаж байгаа шийдвэр өөрөө эрх зүйн чадамжтай юу. Эдгээрийг бид эргэж харах ёстой гэж бодож байна. Намаар дамжуулж дарангуйлал тогтоох гэж байна. Шударга ёсны төлөө тэмцсэн гишүүдээ хөөж гаргадаг ийм дарангуйлал байж болохгүй. Үүнтэй бид эвлэрэхгүй.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
- МАН-ын Хяналтын ерөнхий хороо хоёр хүний хоорондын асуудлыг намын асуудал болгож, нэгийг нь намаас хөөсөн нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл. Хүн үзэл бодлынхоо хувьд ялгаатай байсныхаа төлөө намаас хөөгдөх нь буруу.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
- МАН-ын дүрэмд “Намын гишүүд улс орны асуудал, намын дотоод үйл хэргийн талаар мэдээлэл авах, өөрийн байр сууриа илэрхийлж, шүүмжлэх эрхтэй” байдаг. Гэтэл өнөөдөр өөрийн байр сууриа илэрхийлж, шударга бус явдлыг ил гаргаж тавьсны төлөө намын гишүүндээ хариуцлага тооцож, намаас хөөж байна гэдэг бол энэ хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Тиймээс өчигдрийн шийдвэр бол МАН-ын 300 мянга гаруй гишүүний дийлэнх олонхын байр суурийг илэрхийлж чадахгүй гэж харж байна. 104 жилийн түүхтэй энэ намын хамгийн гол суурь зарчим бол дотоод ардчиллын асуудал. Хүн болгон өөрийнхөө байр суурийг илэрхийлэх эрхтэй. Өөр байр суурь илэрхийлснийх нь төлөө энэ хүнийг ялгаварлан гадуурхаж, хяхан хавчих биш бие биедээ хүндэтгэлтэй хандаж, эв эеийг хичээж, намын үндсэн дүрэмд бичсэн байгаа “Шударга ёс, Эрх тэгш байдал, Эв нэгдэл” гэх зарчмыг хангаж ажиллах ёстой.
Сэтгэгдэл үлдээх
МАН өөрсдийгөө булшлаад эхэлсээн аль хэдийнэ ккк. 10-хан жилийн дараа гэхэд ор сураггүй сарнин алга болно.
MAN is a joke
Дэмжих үү?
0 0