Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Чимээгүй хотын жолооч” (Silent City Driver) уран сайхны кино “Академи Авардс” буюу 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцохоор сонгогдлоо. Тус кино “Чикагогийн Азийн кино наадам 2025”-д Азийн шилдэг кино шагналын эзэн болсноос гадна бусад томоохон кино наадмуудаас олон шагнал хүртсэн билээ.
Киноны гол дүрд Монголын Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр тоглосон бөгөөд шоронд 14 жил хоригдоод суллагдсан Мягмар хэмээх залууд тохиолдсон үйл явдлын талаар өгүүлдэг.
“Үндэсний сонгон шалгаруулах хороо” энэ оны есдүгээр сард хуралдаж, ирүүлсэн кино бүтээлүүдтэй танилцсаны эцэст тус киног сонгосон байна.
Үүнээс гадна Австрали улсын найруулагч Габриел Бредигийн Чоно үүр шөнөөр ирдэг “The Wolves Always Come at Night” хэмээх Монгол хэл дээр хийгдсэн баримтат киног тус наадамд өрсөлдүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл үлдээх