Монгол засгийг гадаадаас захиалж, Л.Оюун-Эрдэнэ хууль зөрчин 12 тэрбум төгрөг зарцуулжээ

.Graph
2025-10-02

Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайд байх үед буюу 2024 оны 11 сарын 13-ны өдөр “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ болон “Тони Блэйр институт” нарын хооронд “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх" гэрээ байгуулжээ. 

Гэрээнд тусгагдсанаар зөвлөх үйлчилгээний төлбөр нь нийт 3,100,000 ам.доллар буюу одоогийн ханшаар 11.1 тэрбум төгрөг байгаа юм.  Төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс 2026 оны 5 сарын 31-ний өдөр хүртэл таван удаа хувааж төлөхөөр заажээ. 

Мөн ажлын хуваарь гэх хэсэгт

Үнэлгээний үе шат: 

  • 1 сар -  Алсын хараа 2050-ийн тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх
  • 1 сар - Засгийн газрын бүтцийн санал
  • 2 сар - Гүйцэтгэх удирдлагын зохион байгуулалт

Төлөвлөлтийн үе шат: 

  • 3 сар - Алсын хараа 2050-ийн тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх
  • 2 сар - Засгийн газрын бүтцийн санал
  • 3 сар - Гүйцэтгэх удирдлагын зохион байгуулалт

Хэрэгжүүлэх үе шат: 

  • 11 сар - Алсын хараа 2050-ийн тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх
  • 11 сар - Засгийн газрын бүтцийн санал
  • 10сар - Гүйцэтгэх удирдлагын зохион байгуулалт гэж тусгасан байна. 

Уг гэрээний талаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. 

Тэрбээр “1 жил 6 сарын хугацаатай, ойролцоогоор 10 гаран тэрбум төгрөгийн үнийн дүнтэй зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан байна. Бидний зүгээс харахад энэ гэрээ нь тендерийн хууль зөрчсөн байна лээ. Тендерийн хуулийн гадаад зар сурталчилгаа гэдэг нэр томьёоны хүрээнд “зөвлөх үйлчилгээ авах” гэрээ байгуулсан. Тодорхой хэмжээний буюу 1.8 сая ам доллар буюу 6.5 тэрбум төгрөг нь гарчихсан байна. Тиймээс энэ гэрээг цуцалж байна. Гэрээ цуцалсны дараа ямар зөвлөх үйлчилгээг гэрээний хүрээнд үзүүлсэн бэ гэдгийг дүгнэнэ. Дүгнэлт гарсны дараа тодорхой арга хэмжээг авна. Ямар ч байсан ийм төрлийн гэрээ байгуулсан нь өөрөө хууль бус” хэмээн мэдэгдсэн юм.  

Эргэн сануулахад, өнгөрөгч есдүгээр сарын 22-нд Монголын Социал Демократ Намын дарга асан Баабар, социал демократ үзэл баримтлалыг тунхагласан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар Их Британийн Хөдөлмөрийн Намын социал демократ Тони Блэйрийн “Төр удирдах тухай” гэх номыг хамтран нээсэн байдаг.  

Тэгвэл гадаадын санд 10 гаран тэрбум төгрөг өгөн байж Засгийн газрынхаа бүтэц, Алсын хараагаа тодорхойлуулахаар гэрээ байгуулсны цаана ямар эрх ашиг байна вэ. Л.Оюун-Эрдэнийн үед Монгол Улсын Засгийн газрын бүтэц, алсын харааг гаднын сан тодорхойлдог болтлоо төр доройтсон байв уу. Түүнчлэн тухайн сангийнх нь үүсгэн байгуулагчийн номыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орчуулан олон нийтэд хүргэж байгаа нь ямар далд санаа байв гээд олон асуулт эргэлзээ болон үлдлээ. 

Ямартай ч уг өндөр дүнтэй гэрээг цуцалж, АТГ-т өгч шалгуулахаар болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe