Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хууль бус алт олборлолтыг таслан зогсоох чиглэлээр хууль хүчний байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулсныг мэдэгдлээ.
Сайд хэлэхдээ, алтны хууль бус олборлолт хэрээс хэтэрч, төрийн байгууллагын арга хэмжээ хэрэгжихгүй байгаа талаар олон нийтийн гомдол ихээр ирж буйг онцлов. Засгийн газрын түвшинд асуудлыг хэлэлцэж, гурван яам (АҮЭБЯ, ХЗДХЯ, БОУАӨЯ) болон ТЕГ, ЦЕГ, АТГ зэрэг хууль хүчний бүх байгууллага хамтран ажиллахаар болсон байна.
Хамтарсан ажлын хэсгийг ХЗДХ-ийн ТНБД Н.Мягмар ахалж, гурван чиглэлд ажиллах юм. Үүнд:
Хууль бус олборлогчдын тоо, техник хэрэгслийн мэдээллийг бүрдүүлж, хууль хүчний байгууллагад шилжүүлэх,
Хууль бус олборлогчдыг баривчилж, техник хэрэгслийг хураан улсын орлого болгох, кемпүүдийг татан буулгах,
Эвдэрсэн газрын тооллого хийж, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг ажлууд орно.
Г.Дамдинням сайд “Монгол Улс хуультай. Байгалийн баялаг бол ард түмний өмч. Хууль бус олборлогчид ард иргэдийн хүртэх ёстой үр өгөөжийг хулгайлж байгаа учир хатуу хариуцлага тооцно” гэж мэдэгдэв.
Тэрбээр энэ аравдугаар сард багтаж өмнөх жилүүдэд байгаль орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн шийдвэрлэсэн байдлыг нэгтгэн олон нийтэд ил болгоно гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх