УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийлээ. Түүний мэдэгдлийг товчлон хүргэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
- МАН-ын даргын сонгууль болсонтой холбогдуулан улс төрийн үйл явдлууд эрчимтэй өрнөж байна. МАН-ын Бага хурлын VIII хуралдаан хуралдаж, бага хурлын гишүүдийн үнэмлэхүй олонхын саналаар би МАН-ын даргаар сонгогдсон. Нийт гишүүд дэмжигчдийн дийлэнх олонхын дэмжлэгээр намайг намын даргаар сонгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээр гүйцэтгэх засаглалын зүгээс увайгүй, үндэслэлгүй, баримтгүй зүйлүүдээр гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлж байна.
Парламент Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байдаг. Харамсалтай нь гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна.
Хамгийн тод жишээ гэвэл дөнгөж сая Хууль зүйн байнгын хороо хаалаа. Өнөөдөр 15 цагаас Хууль зүйн байнгын хороо хурлаа эхлүүлсэн. Засгийн газарт болон бусад УИХ-ын гишүүдээс, магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнээс авч байгаа дарамтаас хамааралтайгаар Хууль зүйн байнгын хорооны хурлыг хуралдуулахгүйгээр бойкот хийлээ. 10 гишүүн ирцэд бүртгэгдээд 2 цаг хүлээгээд болсонгүй. Миний хувьд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн гаргасан саналыг үндэслэн, Хууль зүйн байнгын хорооны даргатай зөвшилцөн, өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагын удирдлагуудаас цаг үеийн шинжтэй бодит мэдээлэл авах асуудлыг УИХ болон өөрийн эрхийн хүрээнд хийх ёстой гэж шийдвэрлэлээ.
Ор үндэсгүй гүтгэлгийн талаар ярихыг хүсэж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд намайг нүүрсний хулгайч мэтээр зарлаж, баримт сэлтгүйгээр гүтгэж ирсэн. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдах нь битгий хэл, намайг дуудаж мэдээлэл авах нь битгий хэл, нотлогдох нөхцөлгүйгээр явж байсан.
Харамсалтай нь МАН-ын даргад нэр дэвших нөхцөл бүрдсэн, нэр дэвшигчээр зарласан тэр цаг үеэс эхлэн энэ үйл ажиллагаа илтэд идэвхжилээ. Улс төрийн дарамт, дарангуйлал Монгол Улсад бүрэн тогтсон байгаагийн тод жишээг би өнөөдөр өөрийн биеэр харж байна. Хууль хяналтын байгууллага асар их дарамт дунд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа гэдгийг сүүлийн өдрүүдэд мэдэрч авлаа.
Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч мэтээр зарлаж байсан нөхрийг хоёр өдрийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар томилж байгаагаа үндсэн хууль зөрчиж, УИХ, Ерөнхийлөгчид танилцуулахгүйгээр зарласан.
Намайг нүүрсчин болгох гэж гүтгэж байсан итгээд нь нүүрсчин болгуулахаар захиалга өгсөн этгээдээсээ ХЗДХ-ийн сайдын албан тушаалаар шагнуулж байгааг ард түмэн харсан.
Д.Амарбаясгалан миний бие өнөөдрийг хүртэлх хугацаанд аливаа хуулийн байгууллагад дуудагдаж, шалгагдсан тохиолдол нэг ч байхгүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн тохиолдол нэг ч байхгүй. Аливаа шатны шүүхийн байгууллагаар гэм буруутай гэдэг нь тогтоогдож, шийтгэгдсэн зүйл нэг ч байхгүй.
Би АН-ын Улс төрийн зөвлөл болон АН-ын бүлгээс гаргасан шаардлагыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа. Гэхдээ өнөөдөр Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн АН-ын бүлэг хурлаа хийж, намайг хуралдаа оруулж, тайлбар мэдээлэл сонсоно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа уламжилж байна.
Өнөөдөр би улстөрчдийн шунал, эрх мэдлийн төлөөх тэмцлээс болж гүтгэгдэж, доромжлуулж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй.
УИХ-ын гишүүд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийнхөө байр суурийг илэрхийлэх эрх чөлөө нь Монгол Улсын амин чухал зүйл байдаг гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ойлгож байгаа гэж найдаж байна хэмээв.
Сэтгэгдэл үлдээх