Эдгээр өдрүүдэд олны анхаарлын төвд ороод байгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нүүрсний хулгайд оролцсон гэх сэдвийг 2023.09.26-нд Financial Content хэвлэл хөндөж байжээ. Уг нийтлэлийг ХБНГУ-ын сэтгүүлч Адам Балог бичсэн агаад бүрэн эхээр нь орчуулан хүргэе.
Нийтлэлийн эх линк: https://markets.financialcontent.com/stocks/article/newsdirect-2023-9-26-amarbayasgalan-dashzevegs-soviet-style-corruption-destabilizing-mongolia
Адам Балог,
“Баялгийн хараал” гэдгийн тод жишээ бол нүүрсний баялаг нөөцтэй Монгол орон. Энэ үзэгдэл ЗХУ-ыг дагалдаж явсан, Зүүн Европын орнуудад нийтлэг ажиглагдах бөгөөд байгалийн баялгаас хэт хамааралтай, улс төр нь тогтворгүй. Монголын хувьд ардчилсан, олон намын тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 жилдээ үүнийг батлан харуулж буй.
Тавантолгойн нүүрсний орд бол дэлхийд дээгүүр бичигдэнэ, 7.3 тэрбум тонн нөөцтэй. Гэвч олборлож эхэлснээс нь ердөө арван жилийн дотор 11.6 тэрбум ам.долларын орлого алдагдаж, “Нүүрсний хулгай” гэх томоохон дуулиан дэгдсэн.
Төрийн оролцоо уул уурхайн түүхий эдийн экспортод давамгайлснаар ашиг сонирхлын зөрчил, хамаарал бүхий этгээдүүдийн сүлжээ, авлига цэцэглэх гол хөрсийг бүрдүүлжээ.
Монголын эрх бүхий байгууллагуудын хийсэн шалгалтаар, өнгөрсөн арван жилийн турш БНХАУ руу нүүрс тээвэрлэж буй Тавантолгойн нүүрс тээврийн машинуудыг “Хоосон” гэж хуурамчаар бүртгэж байсан нь ч ил болжээ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсний хулгайд дор хаяж 17 улстөрч холбогдсон гэж үзэж байна. АТГ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж, эдгээр нэрийг зарлахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэжээ. Тэднээс тав нь яллагдагчаар татагдаж, гурав нь албан тушаалаасаа түдгэлзэн шалгуулж байна.
Монгол Улсад авлига шинэ сэдэв биш. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг тэмцэнэ гэдгээрээ танигдсан. 2023 онд авлигатай тэмцэх “Таван Ш” гэж ажиллагаа санаачлан хэрэгжүүлсэн. Тэгвэл одоо нүүрсний салбарт онцгой анхаарлаа хандуулж байгаа аж.
Ерөнхий сайд улстөрчдийг мөрдөн шалгах ажиллагаанд ихээхэн анхаарч, нүүрсний хулгайг илрүүлэх, холбогдох ял шийтгэл оногдуулах чиглэлд ажиллаж байна. Бүхий л шатанд хариуцлага тооцоход бэлэн гэдгээ үүгээр тодорхой илэрхийлжээ.
Гэвч асуудал хурцдахын хэрээр төрийн өндөр хоёр албан тушаалтан, өөрсдийн нөлөөллийг ашиглаж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа аж.
Гол хүн нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон түүний зөвлөх Ц.Чулуунзагд. Тэд нүүрсний хулгайд холбогдсон 17 улстөрчийн дунд нэрлэгдээгүй ч, авлига, луйврын схемд нэгэнтээ үүрэг гүйцэтгэжээ.
Д.Амарбаясгалан олон нийтийн дунд сайн стратегич хэмээн үнэлэгддэг. Энэ нь түүнийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудалдаа ял шийтгэлгүй өнгөрөхөд нь дэм болсон болов уу. Гэвч одоо нүүрсний нарийн төвөгтэй схемд орооцолдсон гэх баримт нь гол анхаарал татаж байна.
Ц.Чулуунзагдыг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд Д.Амарбаясгалан түүнд эрх мэдлээ урвуулан ашиглаж, нөлөөлсөн гэж харагдаж буй.
Монголд төрийн өндөр алба хашиж байхдаа давхар хувийн бизнес эрхлэхийг хуулиар хориглоно. Иймээс ихэвчлэн гэр бүл, найз нөхөд, хамтрагчдынхаа нэр дээр, тэднээр дамжуулан бизнес хийх нь нийтлэг.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан ёсны сайтад мэдээлснээр, МТАС нэртэй түншлэл Бортээгийн уурхайд гүйцэтгэгчээр ажиллаж байна. Түншлэл дэх компаниудын нэг нь “Админерал” ХХК бөгөөд түүхий нүүрсийг хагас коксжих нүүрс болгон баяжуулах үйлдвэр барьжээ. Энэ үйлдвэр 30 жилийн гэрээг төртэй байгуулсан.
Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд “Админерал”-ыг 2021 оны 7-р сарын 2-нд байгуулсан гэж үздэг. Уг компанид Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав болон БНХАУ-ын иргэн Шүэпин Ван нар эзэмшигчээр бүртгэлтэй. Харин Ц.Чулуунзагдын эхнэр Баярмаа нь нягтлангаар нь ажиллаж, ТУЗ-ийн гишүүний үүрэг гүйцэтгэдэг.
“Админерал” ХХК-ийн хувьцааг гурван хөрөнгө оруулагч эзэмшдэг: Монголын Моновант ХХК (45%), Хятадын Quzhou Longyuan Trading Co. Ltd (34%), Хонконгийн Ruishen Global Group LLC (21%).
“Моновант” ХХК-ийн гол хувьцаа эзэмшигч нь Хятадад үйл ажиллагаа явуулдаг бизнесмен Н.Хасбаатар ба Ц.Ламжав нар. Тэд хоёулаа “Роуд энд Майнинг Текноложи” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагчид.
Тэгвэл, “Админерал”-ын нөгөө хоёр хөрөнгө оруулагчид болох “Quzhou Longyuan Trading” болон “Ruishen Global Group” компаниуд 2021.10.04-нд “Эрдэнэс Тавантолгой”-гоос 300 мянган тонн, 2022.07.09-нд дахин 500 мянган тонн нүүрс худалдан авсан байна.
Мөн 2021.06.29-2022.10.29-ний хооронд нийт 2,164,769 ам.долларыг “Админерал” ХХК-ийн дансанд Quzhou Longuan Trading, Ruishen Global Group Co. Ltd, Dongsheng Petroleum Co. Ltd болон Sino-Mongolian AITS Intelligent Pte Ltd компаниудаас шилжүүлжээ.
Дараа нь,
Эдгээр компани хоорондын санхүүгийн шилжүүлгүүд нь “kickback” буюу зуучлалын авлигын схемтэй төстэй гэж дүгнэгджээ. Д.Амарбаясгалан Тавантолгойн ордоос 47 мянган тонн нүүрсийг “Админерал”-аар дамжуулж завшсан гэх мэдээлэл бий бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Тавантолгойн нүүрс тээврийн салбар 20 гаруй туслан гүйцэтгэгчтэй ба дор хаяж нэг нь Д.Амарбаясгаланд холбогддог аж. Түүний эхнэр Д.Бямбасүрэн 2010 онд “Жабко” ХХК, 2011 онд “Топмедиа” ХХК-ийг байгуулсан. Эдгээр компаниуд Ц.Чулуунзагдын 2017 оны ХОМ-д дурдагджээ. Б.Эрдэнэжаргал уг компаниудыг удирддаг бөгөөд өөрөө “Глобал гүүр транс” ХХК-ийг байгуулж, Тавантолгойгоос нүүрс тээвэрлэсэн байдаг. Энэ бүхэн Д.Амарбаясгалангийн найз, гэр бүлийн сүлжээг илчилж байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга гэдэг албан тушаал бол аливаа гэрээнд нөлөөлөх, оролцох хуулиар хориотой. Гэвч Д.Амарбаясгалан эхнэрийнхээ компаниудаар дамжуулж, өөрт ашигтай гэрээг байгуулахад нөлөөлжээ.
Мөн түүний ойрын хүн Л.Нямбаяр нь “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийн ТУЗ-д бий. Энэ компани бол нүүрс тээврийн бүртгэл, хяналт хариуцдаг.
Эцэст нь, Эрчим хүчний яамнаас 51.5 сая ам.долларын баяжуулах үйлдвэр барих санал гаргасан нь агаарын бохирдлыг бууруулах давуу талтай ч, төрийн өндөр албан тушаалтан өөрийн холбогддог компанийг гүйцэтгэгчээр шалгаруулсан байж болзошгүй нь анхаарал татаж байна.
“Админерал” ХХК болон “Глобал гүүр транс” ХХК-иуд төрийн хулгай, авлигын сүлжээнд оролцсоноор ардчилалд сөргөөр нөлөөлж байна. Ерөнхий сайдын санаачилж буй ил тод байдал, хариуцлагын бодлогыг уландаа гишгэж буй энэ үйлдэл Монголын ирээдүйн хөгжилд ноцтой аюул болжээ.
Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ улс төрийн тогтворгүй байдлыг даван туулж, авлигатай тууштай тэмцлээ үргэлжлүүлж чадвал Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэх бөгөөд олон улсын корпорацуудын хувьд боломж нээгдэх юм.
Гэвч Монголын ирээдүй одоо ч эргэлзээтэй байна: Улс орны эрх ашгийг төлөөлөх төр ялж үлдэх үү, эсвэл халаасаа дүүргэх гэсэн дотоодын авлигачид ноёрхох уу гэдэг асуулт хэвээр.
Сэтгэгдэл үлдээх
Баримттай хэрэг дээр хэрг үүсгэж хариуцлага тооц. Драа дараагынхдаа сургамж болохоор хатуу шийтгэл өг! Ард түмэн рянаж байгаа шүү
Иргэн2
Дэмжих үү?
0 0Эсрэг тэсрэг мэдээ, баримт гаргаж тавиад л биенээ угуйсгэж, еерсдийгее зевтгех гээд улайрч байна. Цаг хугацаагаар эрэмбэ дараанд оруулж байршуулбал бугд унэн болно. Нуурсчид бол МАН
Зочин
Дэмжих үү?
0 0Бузар хулгайчыг барьж хориод шалгаж ялыг нь үүрүүлж хөрөнгийг нь хураагаач
иргэн
Дэмжих үү?
1 0