Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 19-нд Тэйлор Свифт 11 дэх студийн цомог болох "The Tortured Poets Department"-ийг танилцуулсан. 31 дуу багтсан уг цомогт тэрээр рок дуучин Мэтти Хили болон жүжигчин Жо Алвинтайгаа холбоотой харилцаагаа сөхөн өгүүлжээ.
Шинэ бүтээл нь шүүмжлэгчдээс харилцан адилгүй үнэлгээ авсан. NME энэ цомгийг “ховорхон алдаа” гэж нэрлэж, зарим дууны үгийг “ичмээр” хэмээн тодорхойлсон бол The New York Times түүнийг “биеэ тоосон” гэж дүгнэсэн. Харин эсрэгээрээ Rolling Stone “гайхалтай, замбараагүй” гэж үнэлсэн ч өмнөх бүтээлүүдийнх нь өндөр магтаалтай харьцуулахад арай сул хүлээн авалт байсан юм.
Гэсэн ч шүүмжлэл Свифтийн замналыг огтхон ч ганхуулсангүй. Spotify түүний цомгийг нэг өдөрт хамгийн олон удаа сонсогдсон цомог хэмээн зарласан бол Их Британид эхний долоо хоногтоо сүүлийн долоон жилд байгаагүй өндөр борлуулалтыг үзүүлжээ. Энэ нь Тэйлор Свифтийг ямар ч саад нурааж чадахгүйг баталсан хэрэг байлаа.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд тэрээр “The Life of a Showgirl” хэмээх шинэ цомгоо танилцууллаа. Spotify дээр 5 сая гаруй фен уг цомгийг урьдчилан хадгалсан нь платформын түүхэнд хамгийн өндөр тоонд тооцогдож байгаа бөгөөд тусгай винил хувилбарын захиалга нэг цаг хүрэхгүй хугацаанд дуусжээ.
35 настай Тэйлор Свифт өнөөдөр “нурашгүй хүчирхэг” уран бүтээлчийн байр суурийг эзэлсэн. Түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу дуучдын нэг хэмээн үнэлэх үзэл хэдийнэ баталгаажсан ч цаашдын замнал нь сонирхол татаж байна. Учир нь олон нийтийн анхаарал сүүлийн жилүүдэд илүү “эмх замбараагүй”, өөрийн сул талаа шууд харуулдаг уран бүтээлчдийн зүг хандсаар байгаа билээ.
Свифтийн амжилтын гол түлхүүр нь олон нийтэд бүрдүүлсэн төгс имиж. Тэр зөвхөн хөгжмийн ертөнцөд бус, өөрийн гэсэн бүхэл бүтэн соёлын ертөнцийг бий болгожээ. “Свифти” хэмээн нэрлэгдэх хэдэн арван сая үнэнч фенүүдийнх нь арми ямар ч шүүмжлэл үл харгалзан шинэ цомгийг нь сонсох нь гарцаагүй.
“Тэр өөрийн эргэн тойронд хэн ч түүнд юу хийхийг нь хэлж чадахгүй, зөвхөн өөрөө шийдвэр гаргадаг эзэнт гүрнийг босгосон” хэмээн MIDiA компанийн хөгжмийн шинжээч Татиана Сирисано дүгнэжээ.
Сэтгэгдэл үлдээх