Шон Комбс (P Diddy)-д 4 жил 2 сарын хорих ял, 500 мянган ам.долларын торгууль ногдууллаа

Д.Халиунаа
2025-10-04

Холливудын хөгжмийн салбарт нөлөө бүхий продюсер, реппер, “Bad Boy Records”-ийн үүсгэн байгуулагч Шон Комбс буюу P Dddy (тайзны нэр)-д өчигдөр буюу баасан гарагт Нью-Йорк хотын холбооны шүүхээс дөрвөн жил хоёр сарын хорих ял оноолоо. Мөн 500 мянган ам.долларын торгууль ноогдуулжээ. 

Прокурорын талаас 11 жил хорих ял төлөвлөж байсан боловч ийнхүү тус таамаглал няцаагдаж эцсийн шийдвэр гараад байна.

Түүнийг бусдын биеийг үнэлүүлж, тээвэрлэхээс гадна “Freak Offs” нэртэй садар самуун үдэшлэг зохион байгуулж, бэлгийн мөлжлөг хийсэн гэх шалтгаанаар тус ялыг оноожээ. Харин бусад буруутгагдсан хэргүүдэд нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж цагаатгасан байна.

Шийдвэр гарсны дараа түүний өмгөөлөгч Марк Агнифило бүх хэргийг үгүйсгэж, давж заалдахаа мэдэгдлээ. 

Шон Комбсыг хуучин найз охин болох дуучин Касандра Вентура 2023 онд албан ёсоор шүүхэд өгсөн. Харин хоёр тал хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хэрэг хаагдсан боловч 2024 онд “CNN”-ээр дуучин эмэгтэйг нэгэн зочид буудалд зодож, гэмтээж буй бичлэг цацагдсан. Тус бичлэг тарсны дараа P Diddy-ийн эсрэг олон хохирогчид мэдүүлэг өгч, түүнийг улсын хэрэг рүү шилжүүлсэн. 

Тэрбээр баривчлагдсан цагаасаа хойш Бруклиний хорих төвд хоригдож эхэлсэн. Харин одоо тэрхүү хугацааг хасуулаад гурав хүрэхгүй жилийн дараа суллагдах боломжтой боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe