УИХ-ын гишүүн ойролцоогоор 5 дахин илүү ажилгүйдлийн тэтгэмж авдаг

Ц.Чимэдцэеэ
2025-10-06

Монгол Улс иргэний нийгмийн хамгаалал, эрх зүйн байдлыг хангахын тулд тодорхой хугацаагаад ажилгүй байх хугацаанд тэтгэмж олгох хуультай.

Ингэхдээ нийгмийн даатгалаа сүүлийн 12 сар төлсөн байхыг шаарддаг билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн гэх статус бусад энгийн иргэдээс илүү нийгмийн хамгаалал, амьдралын баталгаа эдлэх давуу эрх олгодог аж.

Иргэн Ц.Батболд УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болсны дараа олгодог 12 сарын тэтгэмжийн талаар нийтийн өргөдөл өргөн барьлаа.

Тэрбээр “Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг” нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгтэй илт зөрчилдөж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн “иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзжээ.

Тус хуулийн заалтаар УИХ-ын гишүүн бүрэн эрх нь дуусгавар болсны дараа ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан байдаг.

Харин  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт 76 хоног буюу ойролцоогоор 2.5 сар олгох ёстой талаар тусгасан байдаг.

Энэ нь энгийн иргэнээс 5 дахин илүү хугацаанд тэтгэмж авдаг гэсэн үг юм. Өргөдөл гаргагчийн тайлбарласнаар:

“Бүрэн эрх дуусгавар болсны дараа УИХ-ын гишүүн нь бусад иргэдийн адил жирийн иргэний статустай болдог. Гэтэл гишүүдэд ийм тэтгэмж олгох нь иргэдийг нийгмийн гарал, албан тушаалаар ялгаварлан гадуурхсан, цөөнхийн ашиг сонирхлыг хамгаалсан зохицуулалт юм” гэжээ.

Энэхүү өргөдөл нь УИХ-ын гишүүдэд бусад иргэдээс ялгавартайгаар олгож буй тэтгэмжийг цуцлах, эрх зүйн тэгш байдлыг хангах зорилготой. Одоогоор 9,785 хүн гарын үсэг зурсан байна. Энэ тоо 100 мянгад хүрвэл УИХ-аар дээрх асуудлыг хэлэлцэх боломжтой болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe