Индонези улсын Зүүн Ява мужийн Сидоаржо хотод байрлах Аль-Хозини лалын сургуулийн сурагчид залбирал үйлдэж байх үед сургуулийн танхим нуран унасан аймшигт хэрэг өнгөрсөн есдүгээр сард болсон. Хэрэг явдал гарсны дараа тус улсын Гамшгийн хор уршгийг арилгах агентлагаас амиа алдсан сурагчдын тоо нэг өдрийн өмнө 36 байсан бол өнөөдрийн байдлаар 54 болж нэмэгдсэнийг мэдээллээ.
Хоёр сурагч нурангиас гарч ирсэн боловч эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа нас баржээ.
Харин сураггүй алга болсон 13 сурагчийг эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд голдуу 13-19 насны хөвгүүд нурангид дарагдсан байна.
Мөн тус агентлагийн зүгээс энэхүү үйл явдал энэ жил Индонези улсад болсон хамгийн том хохиролтой гамшиг хэмээн зарлалаа.
Сургуулийн удирдлагуудын зүгээс одоогоор ямар ч тайлбар хийгээгүй байгаа бөгөөд цагдаа нар сургуулийн даац байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн гэж дүгнэсэн. Энэ нь Индонезид хууль бусаар баригдсан барилга байгууламжийг эсэргүүцдэг хүмүүсийн дургүйцлийг хүргээд байна.
Сэтгэгдэл үлдээх