Уулын дугуйчин Аурелиен Фонтеной Эйфелийн цамхагт 12 минут 30 секундэд гарч шинэ рекорд тогтоолоо

Д.Халиунаа
2025-10-07

Франц улсын мэргэжлийн уулын дугуйчин, тик ток од Аурелиен Фонтеной алдарт Эйфелийн цамхагт 12 минут 30 секундийн хугацаанд гарч дэлхийн рекордыг эвдлээ. 

Энэхүү амжилтыг тогтоохын тулд нийт 686 шат өөд унадаг дугуйгаар өгсөж гарчээ.

Хамгийн сүүлд дээд амжилтыг 2002 онд дугуйчин Хьюг Ричард тогтоосон бол Фонтеной түүний амжилтыг долоон минутаар бууруулан эвджээ. 

Тэрбээр тик ток болон юүтүбэ дээр нэг сая гаруй дагагчтай бөгөөд дугуйн спортын талаар сонирхолтой бичлэг, заавар зэргийг оруулдгаараа алдартай юм. 

35 настай Фонтеной таван жилийн өмнө уулын дугуйн спортоос зодог тайлж, 2021 онд "The Climb" төслийнхөө хүрээнд Парис дахь 140 метрийн өндөр Тринити цамхгийн оргилд дугуйгаар гарсан бол энэ жил Эстони дахь Таллин хотын телевизийн цамхагт гарсан байна.

Дэлхийн рекорд эвдсэнийхээ дараа “CNN”-д өгсөн ярилцлагын үеэр "Миний төлөвлөгөө бол дэлхийн хамгийн өндөр цамхгуудад дугуйгаараа авирах юм. Харин хамгийн том зорилго маань Бурж Халифад гарах юм" гэжээ. Тус цамхаг Дубайд байрладаг бөгөөд 828 метр өндөртэй дэлхийн хамгийн өндөр барилга юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe