Нэр бүхий УИХ-ын гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлэхээр мэдээлэл хийлээ.
Тус шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
"МУҮХ-ийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж, УИХ-ын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт УИХ-ын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно гэж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 1-р зүйлийн 1.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх, үнэт зүйл, соёлыг төлөвшүүлэх, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх” гэж тус тус заасан.
Үндэсний эв нэгдлийг хангах, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх үүднээс УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан таныг УИХ-ын дарга, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ гарган, нэр холбогдоод байгаа авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлуудыг хуулийн дагуу шалгуулах, ёс зүйн шаардлагыг хүргүүлж байна.
Одоогоор тус шаардлагыг МАН-ын 35 гишүүн дэмжиж, гарын үсэг зуржээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
- УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний элч байдаг. Бид УИХ-ын гишүүнээр сонгогдоод тангараг өргөхдөө “Монгол Улсын нийт ард иргэд, үндэсний эрх ашиг, улсын тусгаар тогтнолын төлөө Үндсэн хуулийг эрхэмлэн сахиж, авлига ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид байна” гэж тангараг өргөсөн. Тиймээс өнөөдөр Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд авлига, ашиг сонирхлын асуудалтай холбогдож, нүүрсний хулгайн зохион байгуулалттай хэрэгт оролцсон байх магадлалтай хэмээн нэр холбогдож байгаа УИХ-ын даргад бид зарчмын шаардлага тавьсан албан бичгийг хүргүүлж байна. Монгол Улсын нэр хүнд, төрийн нэр хүнд, ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг өндөрт өргөж авч явах үүрэг хүлээсэн хүмүүс. Ард иргэдийн амьдрал амаргүй, хүнд байна. Төр засагтаа итгэх итгэл алдарч байна. Энэ цаг үед бид албан тушаалын төлөө, аливаа улс төрийн намын эрх ашгийн төлөө биш ард түмнийхээ төлөө зогсох ёстой. Тиймээс уг шаардлагад нэгдэж байна.
Хэрэв УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоогүй бол холбоогүй гэдгийг, хэрэв ямар нэг байдлаар холбогдсон бол холбогдсон гэдгийг Монгол Улсын Шүүх тогтоох ёстой.
Энэ шүүхээр тогтоох процессыг шударга, хууль тогтоомжийн дагуу явуулахын тулд өнөөдөр УИХ-ын гишүүн болоод УИХ-ын даргынхаа бүрэн эрхээс түдгэлзээд шалгуулаач ээ гэх шаардлагыг хүргүүлж байна. Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн нэг, улс төрийн хувьд ч тэр, төрийн хувьд ч тэр олон жил манлайлан яваа улс төрч лидерийн хувьд авлигатай тэмцэх шударга ёсны зарчимд манлайлалтай хандаж, өөрийнхөө нэр төрийг сэргээж, шалгуулах байхаа гэж найдаж байна" гэв.
Энэ мэтчилэн тус шаардлагад нэгдсэн гишүүд Улс төрийн манлайллаа үзүүлж, асуудлаа шалгуулан нэрээ цэвэрлэтэл УИХ-ын дарга хэмээх албан тушаалыг хаших эрхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хууль хяналтын байгууллагууд хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж, Монголын ард түмэнд хууль хэрхэн шударга үйлчилдгийг харуулах ёстой гэдгийг онцолсон юм.
Сэтгэгдэл үлдээх