Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авснаас хойш 109 дэх өдрөө ээлжит Засгийн хурлаа хийж байна. Гэхдээ өнөөдрийн энэ хурал нь түүний Ерөнхий сайдын дүрээр хийж байгаа сүүлчийн хурал нь байж магадгүй юм. Учир нь П.Сайнзориг гишүүний санаачилгаар түүнийг огцруулах асуудлыг энэ баасан гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр зэхэж байна.
УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо баасан гаригт хэлэлцэхээр товлосон. УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан бол УИХ долоо хоногийн дотор хэлэлцэж, 10 хоногийн дотор багтаан шийдвэрлэх ёстой.
Хэрвээ огцрохыг олонх дэмжих юм бол хамгийн урт Ерөнхий сайд хийсэн Л.Оюун-Эрдэнээс ажлаа авч хамгийн богино хугацаанд Засгийн газрыг удирдсан Ерөнхий сайд болон түүхэнд бичигдэх юм. Өмнө нь үүрэг гүйцэтгэгчээс бусдаар хамгийн богино хугацаанд ажлаа өгсөн Ерөнхий сайдаар 1999 онд Ж.Наранцацралт нэрлэгдэж байлаа. Тэрээр ердөө 225 хоног Засгийн газрыг удирдсан.
Хамгийн богино хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан эрхэмүүд:
Ц.Элбэгдорж 1998 оны 4-р сарын 23-1998 оны 12-р сарын 9 хүртэл 230 хоног
Ж.Наранцацралт 1998 оны 12-р сарын 9-1999 оны 7-р сарын 22 хүртэл 225 хоног
Ж.Амаржаргал 1999 оны 7-р сарын 30-2000 оны 7-р сарын 6 хүртэл 362 хоног
Ерөнхий сайдуудыг огцруулах акц олон төрлөөр явагдаж байсан ч өөрийнхөө гаргасан тогтоолоос болж огцорч байсан түүх цөөн. Түүний өмнөх Ерөнхий сайдууд ЖДҮ, Авлига албан тушаалын хэргээс болж огцорч байсан бол Г.Занданшатарын хувьд АМНАТ-ын төлөлтөд өөрчлөлт оруулсан Засгийн газрын 55-р тогтоолоос болж унах дээрээ тулаад байгаа.
Нүүрсний хулгай болон намын 80-аад оныхонтой тулж байгаа түүнийг Д.Амарбаясгалан огцруулах акцыг хүчтэй хийж байгаа гэх. Хариуд нь түүнийг дэмжиж байгаа гишүүд Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж нүүрсний хулгайн хэрэг, авлига албан тушаалын хэргээ эцэслэхийг уриалсан.
Д.Амарбаясгалантай хийж буй түүний тэмцэл нүүрсний хулгай руу орсон. Үүний хариу нь огцруулах акц болж байна.
Одоогийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах саналд нэгдсэн 50 гаруй гишүүн байгаа гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл үлдээх