Уул уурхай руу чиглэсэн улс төржилт ба АМНАТ

.Graph
2025-10-08

Бодит орлогоос шударгаар АМНАТ тооцуулах зарчим 55 дугаар тогтоолоор хэрэгжсэн 

Монгол Улсыг тэжээж тэтгэж байгаа ганц том салбар болох уул уурхай руу чиглэсэн, чичилсэн ээлжит нэгэн улс төржилтийн гал авалцаж эхэллээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг он дуустал биржээр тооцох Засгийн газрын шийдвэр (55-р тогтоол) төсөвт олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нөхцөлийг бүрдүүлсэн гэх мэдэгдэл юм.

Гэтэл энэ тогтоолоор АМНАТ-ийн хувь хэмжээг бууруулж, компаниудад хөнгөлөлт үзүүлээгүй. Харин бодит орлогод тулгуурлаж, шударгаар тооцох боломжийг бүрдүүлжээ. 

Иргэн та гар дээр авах цалингаасаа татвар төлдөг болохоос биш гэрээт цалингаас суутгуулдаггүй. Бүр ойлгомжтой тайлбарлавал, гэрээнд сарын 4 сая төгрөгийн цалин авна хэмээн тусгасан.

Гэтэл тухайн сард чөлөөтэй байгаад бодит цалин 3 сая төгрөг орж ирвэл энэ дүнгээс л татвараа суутгуулна. Яг үүнтэй ижил компаниуд бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр борлуулсныг биржийн арилжаагаар нээлттэй, ил тод болгож, үүнээс АМНАТ тооцох зохицуулалтыг Засгийн газар хийсэн байдаг. 

Уул уурхайн биржийн арилжааг идэвхжүүлж, АМНАТ-ийг биржийн үнээр тооцох болсноор нүүрсний үнэ унаж үйл ажиллагаа нь доголдоод байсан аж ахуй нэгжүүдийг дэмжиж, төсвийн орлогыг өсгөх гол хөшүүрэг болсон. Нэг үгээр хэлбэл, алдагдал бус ашиг авчирсан юм. Баримт түшье. Он гарснаас хойш нүүрсний экспорт унаж, зарим сард биржээр ердөө 50 гаруй мянган тонныг борлуулж байжээ.

Тэгвэл энэ хүнд үед биржийн үнээр АМНАТ тооцох болсноор нүүрсний арилжаа идэвхжсэн

Үүний үр дүнд ердөө 40 хоногийн дотор 2.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсноос нэмэлт орлого 80 тэрбум төгрөг давжээ. Нэмэлт орлого гэдэг бол зөвхөн биржээр арилжаа хийсэн тохиолдолд бий болж буй давуу тал.

Цаашид АМНАТ-ийг биржийн үнээр тооцох тогтоол он дуустал хэрэгжсэнээр борлуулалтын орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, нэмэлт орлого 300 тэрбум болох хүлээлт байна. Эндээс үзвэл Засгийн газрын 55 дугаар тогтоол нь унаж буй эдийн засгаа дэмжих, сөхрөхөд бэлэн болсон аж ахуй нэгжүүдээ татаж, төсвийн орлогыг өсгөх томоохон хөшүүрэг болжээ.

Уул уурхайн бодит орлогоос нь татвар авахад хэн, яагаад дургүйцэв

 Ер нь нүүрсний “40 их наядын хулгай” юунаас үүдэлтэй байсан юм. Маш товчхон дүгнэвэл хөшигний цаагуур өгөлцөж, авалцдаг байсантай холбоотой. Харин хөрөнгийн биржээр эрдэс түүхий эдээ борлуулснаар энэ хөшгийг нээсэн. Гэрэл асаахад жоом тал тал тийш дайжин алга болдог. Үүнтэй адил хөрөнгийн биржээр дамжуулж хөшгийг нээснээр олон хүн хулгай хийх орон зайгүй болсон. Нөгөө талаас компаниуд яг бодитой борлуулсан орлогоосоо АМНАТ суутгуулснаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх илүү их урам зориг, эерэг хүлээлттэй болсон нь асар том давуу тал юм. АМНАТ-аас төсөвт төвлөрүүлэх орлого өсөх эсэх нь хувийн хэвшил хэр сайн ажиллахаас л хамаарна. Энэ орлогыг улстөрч авчирдаггүй. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe