А.Баяр: Бусан Улаанбаатар хотууд бизнесийн хамтын ажиллагаатай корпорац байгуулах боломжтой

.Graph
2025-10-09

НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын Бусан хотод ажиллалаа. Тэрбээр тус хотын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нэгдсэн эмнэлэг, хотын төв театр, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцжээ.   

Бусан бол далайн болон чингэлэг тээвэрлэлтээрээ дэлхийд томд тооцогддог боомт хот юм. Тэр хэрээр эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болж буй хот.

Бусан нь хөлөг онгоцны үйлдвэрлэл, усан тээвэр, логистикийн салбарыг эдийн засгийн тулгуураа болгохоос гадна ухаалаг, ногоон хот болох амбиц нь технологийн хөгжилтэйгөө уялдсанаар авто замын дэд бүтэц, усан замын тээвэр, хог хаягдал дахин боловсруулалт, ногоон эрчим хүч, аялал жуулчлалын салбар нь хотын түшиц, голлох эдийн засгийн эх үүсвэр болж байгаа аж.    

НИТХ-ын дарга А.Баяр Бусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд зочлох үеэрээ Улаанбаатар Бусан хотын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэл дэх хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байгаагаа илэрхийллээ.

Энэ тухайгаа “Манай хоёр хот өөрийн гэсэн онцлогтой ч иргэндээ ээлтэй хөгжих ижил зорилготой. Энэ хөгжлийн зам дээр Бусан хотын удирдлагууд та бүхэнтэй уулзаж, Улаанбаатар хотын НИТХ-ын төлөөлөгчидтэйгөө хамтдаа уулзаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот Бусан хоттой бизнесийн хамтын ажиллагааг  эхлүүлэх боломжийг та бүхэн олгож өгнө үү. Өөрөөр хэлбэл, экспортод суурилсан, нэмүү өртөг шингээх салбарт бид та бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Монгол компани, аж ахуйн нэгж Бусанд бизнес эрхлэх ямар боломж байна вэ, монголын үйлдвэрлэгчид Бусаны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх таатай гарцыг бий болгохыг хүсье. Аялал жуулчлалын салбараа түшиглэн хоёр хотын хамтарсан корпорац байгуулах боломжтой эсэхийг бид эрэлхийлж байна” гэдгийг яриандаа онцоллоо.

Сонирхуулахад, Бусан хотын хүн амын бүтэц алдагдаж хөдөлмөрийн насны залуус нийслэл рүү чиглэсэнтэй холбоотой ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл бий болжээ. Тиймээс төрийн болон орон нутгийн засаг захиргаанаас хүн амын шилжилт хөдөлгөөн, залуучууд, гэр бүлийг дэмжих зорилгоор орон сууцны нөхцөлийг сайжруулах бодлогыг баримталж буй аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe