Засгийг огцруулах “үндэслэл” гэх 55 дугаар тогтоол батлагдсан үнэн шалтгаан

.Graph
2025-10-09

Засгийн газрыг унагах шалтаг болгон гаргаж тавьсан 55 дугаар тогтоол яг ямар учир зорилго, шалтгаантай гарсныг нягтлаад нэг үзье. Уг тогтоолд АМНАТ-ийг он дуустал уул уурхайн биржийн үнээр тооцох зохицуулалт туссан билээ.

Энэ бүх “золиг”-ийн явдал нүүрснээс эхтэй

Халтайсан энэ “нөхөр”-ийн үнэ өнгөрсөн оны сүүл гэхэд олон улсын зах зээл дээр 150 ам.доллар давж байжээ. Үүний нөлөөгөөр манай төсвийн орлого ч дориун байв. Гэтэл он гарснаас хойш үнэ нь тасралтгүй унаж, 4-5 дугаар сар гэхэд 90 ам.доллар руу орсон. Дунджаар 40 орчим хувийн үнийн уналт үзүүлсэн гэсэн үг. Энэ цаг үетэй давхцаж Г.Занданшатарын Засгийн газар бүрдсэнээр төсөвт үүссэн хүндрэлийг шийдвэрлэх хариуцлагатай үүргийг хүлээн авсан.

Төсвийн орлогыг тасалдуулахгүй байх шалгарсан нэг арга бий. Тодруулбал, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх замаар орлогоо өсгөх явдал юм. Манай улс батлагдсан нийт нүүрсний нөөцийнхөө 0.02 хувийг 1990 оноос хойш олборлосон, цаана нь дахиад хэдэн мянган жил ашиглах нөөц бий. Тиймээс ямар ч Засгийн газрын үед аль болох ахиу нүүрс зарж орлого олохыг эрмэлзэж ирсэн. Г.Занданшатарын Засгийн газар ч мөн уг тактикийг баримталсан юм. Ер нь тулсан үед эндээс өөр гарц байгаагүй л дээ.

АМНАТ-ийн хувь хэмжээг өөрчлөөгүй

Одоо асуудлын учир зангилаа эхэлнэ. Хэдийгээр манай улсын дэд бүтцийн чадамж жилд 100 сая тонн нүүрс гаргаж, төсвөө нэмэгдүүлэх боломжтой ч аж ахуй нэгжүүд олборлолтоо өсгөх хүсэлтэй байна уу гэсэн асуулт ургана. Түүнээс биш Засгийн газар шуудайнд нүүрсээ хийж үүрээд хилийн цаана гаргаж зарах боломжгүй шүү дээ. Харамсалтай нь нүүрсний үнэ унасан тул аж ахуй нэгжүүд олон улсын зах зээлийн ханшаар өндөр АМНАТ төлж олборлолт явуулах сонирхолгүй байв. Энэ үед Засгийн газар төсвийн орлогоо тасалдуулахгүйн тулд аж ахуй нэгжүүдийг ямар нэг аргаар хөшүүрэгдэж олборлолтыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Уг арга нь АМНАТ-ийг тооцох аргачлалыг зах зээлийн үнэлгээний бодит байдал руу шилжүүлсэн 55-р тогтоол байв. Ийм зорилго бүхий тогтоолыг үе үеийн Засгийн газар өмнө нь 9 удаа гаргаж байжээ.

Алдагдал биш ашиг авчирсан

Борлуулсан бодит орлогоосоо АМНАТ төлөх боломж бүрдсэнээр аж ахуй нэгжүүд олборлолтоо нэмэгдүүлэх боломжтой болсон. Үр дүнд нь төсвийн орлого өссөн. Салбарын сайдын мэдээлснээр тогтоол хэрэгжсэн 40 хоногийн дотор биржийн борлуулалтын орлого 2.3 их наяд төгрөгт хүрч, нэмэлт орлого 80 тэрбумыг давсан байна. 55 дугаар тогтоол ийм л энгийн зүй тогтол, утга логиктой юм.

Тогтоол батлагдсанаас хойш биржээр 12 сая тонн нүүрс зарснаас 10 гаруй сая нь төрийн өмчит компанид ногдож байна.

“Эрдэнэс тавантолгой” компани 7 сая, орон нутгийн өмчит “Тавантолгой” компани 3.5 сая тонн. Үлдсэн сая гаруй тонн нүүрсийг хувийн хэвшлийн 177 компани экспортолсон. Эндээс АМНАТ-ийг биржийн үнээр тооцох зохицуулалтын үр шимийг төр, түмэн илүү хүртсэн гэсэн үг.

Нэгдүгээрт, төрийн өмчит компанийн борлуулалт өсөхийн хэрээр төсөвт төвлөрөх АМНАТ нэмэгдэх зүй тогтолтой. Хоёрдугаарт, компани АМНАТ төлөөд цаана гарсан ашиг бүр ард түмэнд очно. Учир нь “Эрдэнэс тавантолгой” компанийн 20 гаруй хувийг Монголын ард түмэн 1072 хувьцаагаар дамжуулж эзэмшдэг. Харин “Тавантолгой” компанийн 51 хувийг өмнөговьчууд эзэмшиж байгаа. Компанийн ашиг нэмэгдэхийн хэрээр монголчууд, өмнөговьчуудад хэрэгтэй гэсэн үг. Товчхон дүгнэвэл, АМНАТ-ийг биржийн үнээр тооцсоноор төсөвт очих татвар, ард түмэнд хүрэх өгөөж буурах бус нэмэгдэж байгаа нь баттай байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe