KAROL G, Madison Beer, Missy Elliott, TWICE нар 2025 оны Victoria’s Secret загварын шоунд гол уран бүтээлчээр оролцоно

.Graph
2025-10-09

Victoria’s Secret брэнд 2025 оны алдартай загварын шоугаа урьд өмнөхөөс илүү өргөжүүлж байна. Тодруулбал, энэ жилийн шоу эмэгтэй уран бүтээлчдээс бүрдэх ба KAROL G, Madison Beer, Missy Elliott, мөн TWICE хамтлаг багтжээ.

Энэхүү домогт арга хэмжээ 10 сарын 15-нд Нью-Йорк-д болох бөгөөд уран бүтээлчид супер моделиудтай хамт тайзан дээр гарч, хөгжим, загвар, эмэгтэйчүүдийн хүч чадлын нэгдлийг харуулах аж.

KAROL G “Victoria’s Secret Fashion Show-д оролцохыг багаасаа мөрөөддөг байлаа. Ийм хүчирхэг, урам зориг өгдөг эмэгтэйчүүдтэй хамт тайзан дээр гарахыг тэсэн ядан хүлээж байна. Хоёр дуртай зүйлээрээ буюу хөгжим, загвараар эмэгтэйлэг байдлаа илэрхийлж, бие биеэ дэмжих нь миний хувьд үнэхээр онцгой мөч” гэжээ.

Madison Beer бол шинэ үеийн поп хөгжмийн төлөөлөл бөгөөд тэрээр Victoria’s Secret-ийн шоуг шинэлэг өнгөөр баяжуулах болно. Түүний “Selfish” (2020) болон “Reckless” (2021) синглүүд амжилтад хүрч, 2024 онд “Silence Between Songs” цомгоороо “Хамгийн сайн immersive аудио цомог”, 2025 онд “Хамгийн сайн dance-pop бичлэг” төрөлд Grammy-д дараалан нэр дэвшсэн. Тэрээр саяхан “Yes, Baby” нэртэй шинэ синглээ танилцуулсан билээ.

Madison Beer “Victoria’s Secret-ийн домогт шоунд оролцох болсондоо үнэхээр бахархаж байна. Энэхүү шоу нь загвар, хүч чадал, хөгжмийн гайхамшгийг илэрхийлдэг бөгөөд ийм урам зориг өгдөг эмэгтэйчүүдтэй нэг тайзан дээр гарч, шинэ уран бүтээлээ анх удаа танилцуулна гэхээс сэтгэл догдолж байна” гэж дурсжээ.

Missy Elliott-ийн хувьд энэ шоу нь түүний карьерын шинэ оргил мөч байх болно. Хип-хопын хатан хаан гэгдэх тэрээр 4 Grammy шагнал, 6 платинум цомог хүртсэн бөгөөд Songwriters Hall of Fame болон Rock and Roll Hall of Fame-д албан ёсоор багтсан уран бүтээлч юм. “Work It” (№2), “Lose Control” (№3) зэрэг Billboard Hot 100-ийн хит дуунуудаараа тэрээр хөгжмийн түүхэнд хамгийн шинэлэг, нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгээр тооцогддог.

TWICE хамтлаг энэ жил 10 жилийн ойн баяраа “TEN: The Story Goes On” нэртэй шинэ цомгоороо тэмдэглэж байна. Ингэснээр тэд тус шоунд голлох уран бүтээлчээр оролцож буй хамгийн анхны KPOP хамтлаг болж байна.

Хамтлагийн гишүүд Nayeon, Momo, Tzuyu, Jihyo нар - “2026 оны дэлхийн аялан тоглолтдоо бэлтгэж буй энэ онцгой үед Victoria’s Secret биднийг урьсанд маш их талархаж байна. Бид дэлхий даяарх ONCE фенүүдтэйгээ дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгджээ.

Victoria’s Secret Fashion Show 10 сарын 15-ны орой 19:00 цагт (ET) Victoria’s Secret-ийн Instagram, YouTube, TikTok хуудсаар шууд дамжуулагдана. Энэ нь Монголын цагаар 10 сарын 16-ны өглөөний 7 цагт юм. Мөн Prime Video болон Amazon Live-д оройн 18:30 (ET) цагт “Pink Carpet” урьдчилсан нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой бөгөөд шоуны бүрэн бичлэгийг дараа нь онлайнаар нөхөж үзэх хэлбэрээр хүргэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe