УИХ гишүүн Б.Энхбаяр Лхагвын тойм нэвтрүүлэгт дурдагдсан зарим баримтуудынхаа талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр яриагаа “2023 онд Д.Амарбаясгалан гэдэг хүн “Социалист” маягийн авлига үүсгэчихлээ гэдэг мэдээлэл Германы хэвлэлүүдээр гарч байсан. Одоо энэ яригдаад байгаа асуудлууд чинь нүүрсний сонсголоос өмнө бүх түвшинд яригдаж байсан. “Ц.Чулуунзагдтай холбоотой, холбоогүй” гээд л яриад байдаг. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд ч хэлж байсан. “Наад Ц.Чулуунзагдаа өөрөө зайлуулаач ээ. Наад Б.Ганхуяг, Н.Удаанжаргал гэх МОХ-ноос ирсэн нөхөд чинь асуудал үүсгээд байна” гээд Ерөнхий сайд Засгийн газрын хурал дээр өөрөө хэлж байсан. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр “Би томилоогүй шүү. Намын ЕНБД чиний томилсон хүмүүс асуудал үүсгээд байна шүү” гэдэг зүйлийг ил тод хэлж байсан. Тэр үед Засгийн газрын хурал дээр байсан гишүүд одоо ч бүгдээрээ байгаа” гэж эхлүүлсэн юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийгөө Админерал компанитай холбоогүй гэдгээ тогтоосон бичгээ хууль шүүхийн байгууллагаас тогтоосон гэж зарлаад байгаа. Энэ талаар тэрбээр "Д.Амарбаясгалан “Би Админералд хувь эзэмшдэггүй” гэдгээ л нотлоод байгаа шүү дээ. Хэн хувь эзэмшдэг гээд байгаа юм. Өөрийнхөө нэрээр хулгай хийдэг хүн байдаг юм уу. Тэрийгээ л яриад байгаа шүү дээ. Хууль хяналтын байгууллагынханд ажлаа хийх боломжийг нь олгооч ээ" гэв.
Яагаад заавал МАН-ын даргын сонгуулийн өмнө энэ асуудлаа дэлгэсэн юм бэ?
- Энэ гэнэт яригдчихсан асуудал биш шүү дээ. Хүмүүс намын даргын сонгууль болох дөхсөн чинь Ц.Чулуунзагдыг хорилоо гэж яриад байна. 2023 оны эхээр яллагдагч байсан этгээд шүү дээ. Ц.Лхамжав ч яллагдагч байсан. Нүүрсний сонсгол 2023 оны 12 сард болсон. Нүүрсний сонсголоос ч өмнө яллагдагч байсан хүмүүс шүү дээ. Харин ч 2 жилийн турш хэн нэгний нөлөөгөөр шалгахгүй хав дарсан байна. Энэ бүх асуудал ард түмний өмнө ил болсны хүчинд уг асуудлуудын үнэн мөн нь тогтоогдох цаг ойртож байна.
УИХ-ын даргыг хүн амины хэрэгтэй холбоотой гэх баримт байгаа юу?
- Би нэг л юм хэлье. Талийгаач маш их мөнгөтэй хүн байсан. Маш их гэдэг нь зүгээр дансандаа л гэхэд хэдэн арван тэрбум төгрөгтэй байх жишээний. Монгол Улсын Иргэний хуульд зааснаар хүнийг нас барснаас хойш өв залгамжлах эрх нэг жилийн дараа үүсдэг. Өөрөөр хэлбэл, эхнэр хүүхэд нь тухайн хүний хөрөнгийг нэг жилийн дотор өвлөж авах хууль ёсны эрх нь нээгддэг. Мэдээж аль болох хурдан өв залгамжлах эрхээ авахыг ямар ч ар гэр хүсдэг. Хэрвээ энэ асуудал хууль хяналтын шатаар явах юм бол тэр өв залгамжлах эрхийн хугацаа нь тодорхойгүй хугацаагаар хойшлох эрсдэл үүсдэг. Тэгтэл тэр гарын үсгийн дардас нь Ц.Чулуунзагдаас гарч ирсэн нь үнэн. Тэр хүн санхүүгийн гүйлгээ хийж байсан уу, үгүй юу гэдгийг одоо хуулийн байгууллага шалгаж байгааг гэдгээ прокурорын зөвшөөрөлтэй хэлсэн.
Өмгөөлөгч нь болохоор "тийм юм байхгүй" гээд байгаа юм. Эрүүгийн процессын хуулиар мөрдөн шалгах байгууллага хавтаст хэргээ шалгасны дараа өмгөөлөгчид танилцуулдаг. Гэтэл одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа хэмээсэн юм.
Сэтгэгдэл үлдээх