Өнөөдрөөс эхлэн хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ

.Graph
2025-10-09

Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр нийт 2475 тонн шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг борлуулж байна. Үүнээс 1535 тонн нь мидлингэн шахмал түлш байгаа бол 940 тонн нь хагас коксон түлш байгаа юм.

Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулж байна. Хэрэглэгчдийн зүгээс “Хотула” апп болон “Сайн” карт, Иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Энэ жил 306 мянган тонн хагас кокс шахмал түлшийг импортлох ба энэ сардаа 62 мянган тонныг оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Харин 11 сард 62 мянган тонн, 12 сард 50-60 мянган тонн, 1 сардаа багтаагаад 306 мянган тонн хагас кокс шахмал түлш бүрэн орж ирнэ. 

Одоогоор бэлэн шуудайлсан 12 мянган тонн хагас коксон шахмал түлш байна. Өчигдөр буюу 10 сарын 8-нд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдаж, хагас кокс шахмал түлшийг борлуулах үнэ, өдрийг эцэслэн тогтоож, өчигдөр оройноос 400 борлуулалтын цэг дээр хагас кокс шахмал түлшний түгээлтийг хийсэн. Яг өнөөдрийн байдлаар 400 борлуулалтын цэгийн 331-ээр нь 1535 тонн нь мидлингэн шахмал түлш болон 940 тонн нь хагас коксон түлшээ борлуулж байна.

Ингэснээр иргэд өөрсдийн сонголтоор түлшээ сонгож хэрэглэн, харьцуулан дүгнэх боломжтой.

Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэдэг вэ яг түүн шиг хагас коксон түлшийг хэрэглэнэ. Сайжруулсан түлш нь 5500 ккал/кг-аас дээшгүй илчлэг гаргадаг бол хагас кокс шахмал түлш нь 6100-6300 ккал/кг илчлэг гаргадаг. Ул ширэм, зуух хайлах зэрэг асуудал огт үүсэхгүй” гэдгийг онцолж байлаа.  

Ташрамд, хагас кокс шахмал түлш хэрэглээнд бүрэн нэвтэрснээр Улаанбаатар хотын нүүрснээс гарч буй агаарын бохирдлын 28 хувийг бууруулна гэж мэргэжилтнүүд үзэж буй. Цаашлаад Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлын 40-45 хувийг бууруулах боломжтой гэж тооцоолжээ. 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe