Г.Занданшатарын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2020-2022 онд “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулсан нийт 32 гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаст нээлттэй байршууллаа.
Улмаар нүүрсний оффтейк гэрээний асуудал ярих сэдэв боллоо. Нүүрсний оффтейк гэрээ гэдэг нь “Уурхайгаас олборлосон нүүрсийг тодорхой хугацаанд, урьдчилан тохирсон нөхцөлөөр худалдан авах урт хугацааны гэрээ” юм.
Ил болгосон мэдээллээс Бодь Интернэшнл ХХК дангаараа нүүрс худалдах, худалдан авах хоёр гэрээг байгуулж, бусад гэрээнд оролцсон байгаа нь анхаарал татаж байна. Ийнхүү өмнөх Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус гэрээнд холбогдон шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан цахим сүлжээнд ийнхүү бичжээ.
Г.Занданшатар дарга аа, өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай.
Уг нь улс төрийн намын даргын өрсөлдөөнд бид хоёр өрсөлдсөн юм. Аль ч ардчилсан улсад намын даргын төлөөх өрсөлдөөн байдаг энгийн л зүйл.
Харамсалтай нь, эхлээд хүний амь насанд хүрсэн гэж гүтгэсэн, няцаагдсан. Бортээг эзэмшдэг гэсэн, нэг ч хүрз нүүрс гараагүй нь нотлогдсон. Одоо бүр оффтейк гэрээ болоод явчихлаа. Ер нь Бодь группын оффтейк гэрээг хаацайлах гэж л нүүрсний сонсгол дээр Бортээг гэдэг зохиомол сэдэв гаргаж, сэдвийг сэдвээр дарах ажил хийгдсэн. Энэ нь улам бүр тодорхой болж байна.
Нүүрсний оффтейк гэрээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, шууд гэрээ хийгдэхэд Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар та 2019, 2020 онуудад зөвлөмж гаргасан аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний нэг нь байсан төдийгүй Бодь группын оффтейк гэрээний хүрээнд төмөр замыг өргөн царигаар тавих ажлыг 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд Та өөрөө хариуцаж байсан шүү. Тэр үед би нам дээрээ л байж байсан.
Гэхдээ энэ маш сайн зүйл. Үнэнд их ойртож байна. Одоо дахиад нэг л алхчих, олон нийт ч энэ сэдэв дээр анхаарлаа битгий сулруулаарай.
Олон нийтэд явуургүй гүтгэлэг тараахаа одоо зогсоо. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь 3 хүнээс бүрдэх ба одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар тухайн үед УИХ-ын дарга байдлаа тус зөвлөлийн гишүүн байхад бий болсон асуудал аж.
Харин Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах” нь Засгийн газрын бүрэн эрх байхаар заасан байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хувьд холбогдох хуульд зааснаар Монгол Улсын үндэсний баялгийг зүй зохистой ашиглах, үндэсний технологийг хамгаалж орчин үеийн ололтоор баяжуулан хөгжүүлэх, дэлхийн аж ахуйн хэлхээ холбоонд идэвхтэй, уян хатан оролцох зэргээр эдийн засгаа дотоод нөөц бололцоондоо тулгуурлан бие даан хөгжих чадавхийг нэмэгдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд дүгнэлт гаргах, чиглэл өгөх, шаардлага тавих зэрэг бүрэн эрхтэй байна.
Сэтгэгдэл үлдээх