Drake өөрийн харьяалагддаг компани болох Universal Music Group (UMG)-ийн эсрэг гаргасан гүтгэлгийн хэрэгтээ ялагдал хүлээлээ.
Тодруулбал, Kendrick Lamar Drake руу дисс хийж, “Not Like Us” гэх дуугаа гаргасан бөгөөд тус дуун дээр Drake-г насанд хүрээгүй хүүхдүүдтэй харьцдаг гаж донтон мэтээр дүрсэлсэн үг, дүрслэлүүд гардаг байна.
Иймээс UMG-г "Kendrick Lamar-ын энэхүү diss дууг Drake-н нэр хүндэд хохирол учруулна гэдгийг мэдсээр байж зориуд сурталчилсан" хэмээн буруутгаж, шүүхэд өгөөд байсан юм.
Харин шүүхээс ““Not Like Us” дууны гүтгэлгийн шинжтэй үгс нь бодит баримт бус, харин уран сайхны үзэл бодлын илэрхийлэл” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, тус дууны үгсийг бодит мэдээлэл гэж үзэх үндэсгүй тул Drake гүтгэлгийн хэргээр нэхэмжлэл гаргах боломжгүй болсон юм.
Шүүгчийн шийдвэрт “Хэрэв тухайн мэдэгдэл нь бодит баримт бус, харин үзэл бодлоо илэрхийлсэн бол, гэмт хэргийн шинжтэй зүйл хэлсэн байсан ч гүтгэлгийн хэрэг болохгүй. Тус мэдэгдэл нь мэдээ сурвалжилга бус, харин diss дуу буюу уран бүтээлчдийн хоорондын хариу дуу тул жирийн сонсогч үүнийг бодит үнэн гэж хүлээн авахгүй. Diss дуу нь судалгаанд үндэслэсэн, төвийг сахисан биш, харин уран сайхны илэрхийлэл” гэдгийг тодотгосон байна.
Universal Music Group-ийн төлөөлөгч мэдэгдэлдээ “Энэ хэрэг анхнаасаа уран бүтээлчдийн бүтээлч илэрхийллийг доромжилсон, үндэслэлгүй нэхэмжлэл байсан бөгөөд шүүхэд хүрэх ёсгүй байлаа. Бид шүүхийн шийдвэрийг баяртайгаар хүлээн авч, цаашид Drake-ийн хөгжмийг амжилттай сурталчлах, түүний карьерт хөрөнгө оруулах ажлаа үргэлжлүүлэх болно” гэж мэдэгджээ.
Ташрамд, Kendrick Lamar, Drake нар хоёул Universal Music Group (UMG)-д харьяалагддаг юм.
Сэтгэгдэл үлдээх