МҮХАҮТ, бизнесийг дэмжих байгууллагууд болон салбарын холбоод хамтран бизнесийн нэр хүндийг хамгаалах зорилгоор мэдэгдэл хийлээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав:
- Улс төрийн ямар нэг асуудал гарахад манай аж ахуйн нэгжүүдийг том жижиг, хүний өөрийн гэлтгүй барьж авч, балбаж нүддэг, цоллодог, гүтгэдэг доромжилдог байдал хэрээс хэтэрч байна. Улс төрийн институт хоорондын ялангуяа нэг намын дотоод зөрчлийн асуудал төрийн институт хоорондын зөрчил болсон. Төрийн институт хоорондын зөрчил бол тэдний асуудал. Түүнээс биш ажлын байр бий болгоод, татвар төлөөд, Монгол Улсын 1.1 сая хүнийг ажлын байраар хангаад, ДНБ-ий 76-80 хувийг үйлдвэрлээд явж байгаа аж ахуйн нэгж, хувийн хэвшил, баялаг бүтээгч иргэдэд огт буруу байхгүй.
Хоёрдугаарт, институт хоорондын зөрчил бол хоёрхон үндэслэлтэй байдаг. Энэ бол 30 жилийн өмнө дутуу орхигдсон асуудал.
Өнөөдрийн бий болсон зөрчлийн асуудал бол ААН, иргэнд огт хамаагүй. Харин институт хооронд хамаатай. Үүнийг зохицуулдаг нэг том байгууллага буюу Үндсэн хуулийн цэц өнөөдрийг хүртэл унтаа байдалд байна.
Хэрэв УИХ Засгийн газартай зөрчилдсөн бол цэцэд мэдээлэл өгч, цэцийн ажлыг хийлгэх ёстой. УИХ-ын дарга нь ч бай, Ерөнхий сайд нь ч бай үйл ажиллагаа нь асуудалтай, ёс зүйн хувьд харш байгаа юм бол тэр асуудлаа цэцэд өгч, шийдвэрлүүлэх шаардлагатай. Цэц бол асуудлыг долоо хоногийн дотор шийдвэрлэх ёстой.
Институт хоорондын зөрчлөө шийдэх ёстой шүүх нь ажиллахгүй, улс төрийн хэрүүл уруулаар монголын нийгмийг хямраагаад байна. Энэ хэрүүлдээ бүх аж ахуйн нэгжийг татан оролцуулж, нийгмийн замбараагүй байдлыг бий болгон, Монгол Улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх асуудал хэрээс хэтэрчихсэн байгаа тул холбоонууд нийлэн мэдэгдэл хийж байна.
Баялаг бүтээгээд явж байгаа 14000 ажилтантай компанийн буруу гэж байхгүй.
Ирэх долоо хоногт Монгол Улсад Европын холбооны 27 улсын 60 гаруй хөрөнгө оруулагч ирэх гэж байхад манай засаг төр иймэрхүү байдалтай байна. Төр нь төрөөрөө эдийн засаг нь эдийн засгаараа явах хэрэгтэй байна" хэмээсэн юм.
Сэтгэгдэл үлдээх