УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай санал гаргаж, 67 гишүүн гарын үсэг зуржээ. Уг бичгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барихаар боллоо.
Огцруулах үндэслэлд “Төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод байгаа нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээсээ сайн дураараа түдгэлзэн шалгуулах, хуулийн байгууллагад хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх ёс зүйн шаардлагыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танд хүргүүлсэн. Гэвч та дээрх шаардлагыг хүлээн аваагүйн зэрэгцээ ард түмний сонгож явуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах УИХ-ын үндсэн зорилт, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж байна. Тангараг өргөсөн гишүүд бид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Иймд Үндсэн хуулийн 24-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таныг огцруулах саналыг үүгээр гаргаж байна” гэжээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт МАН-ын 34, АН-ын 31, бусад нам эвслийн 2 гишүүн гарын үсэг зурж, нийт 67 гишүүн нэгджээ.
Сэтгэгдэл үлдээх