Дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглож, 20 улс амт, үнэрийг нь хоригложээ

.Graph
2025-10-10

Шинэ тутам хөгжсөн ч хэрэглээ нь огцом нэмэгдсэн электрон тамхи уламжлалт тамхитай адил хүний эрүүл мэндэд хор уршигтай, зарим талаараа илүү хөнөөлтэй болох судалгаанууд гарсаар байна. 

Тамхи эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эдийн засагт ихээхэн дарамт болдог. Тухайлбал, Монгол Улсад тамхинаас үүдэлтэй өвчлөлд зориулсан эрүүл мэндийн зардал 2023 онд 80 тэрбум төгрөгт хүрсэн бол тамхинаас шалтгаалсан эдийн засгийн алдагдал ДНБ-ийн 2.1% буюу 801 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Электрон тамхины шингэнд никотин болон бусад хорт бодисууд агуулагддаг бөгөөд түүнийг хэрэглэж байгаа хүнд төдийгүй түүний утаанд өртсөн хүмүүсийн эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн. Ялангуяа, хөгжлийн үе шатандаа байгаа өсвөр үеийн хүүхдүүдийн тархи никотины нөлөөнд эрт өртөх нь бусад төрлийн донтох зан үйлд өртөмтгий болгодгоороо хамгийн аюултай ажээ.

Электрон тамхи нь янжуур тамхитай ижил никотины агууламжтай бөгөөд бусад төрлийн химийн хорт бодисуудыг агуулдаг байна.

ДЭМБ-аас электрон тамхины талаар гаргасан зарим баримт, нотолгоонууд анхаарал татаж байна.

  • Хүүхэд залуусыг тамхины шинэ хэрэглэгч, никотинд донтох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Электрон тамхи татан хэрэглэж байсан хүн уламжлалт янжуур тамхийг хэрэглэж эхлэх, улмаар донтох магадлал 3-5 дахин нэмэгддэг байна.
  • Өсвөр насандаа электрон тамхи хэрэглэж байсан хүүхэд огт хэрэглэдэггүй байсан хүүхэдтэй харьцуулахад уламжлалт тамхинд орох магадлал 2 дахин нэмэгддэг.
  • Хүүхэд, өсвөр насныхан электрон  тамхи хэрэглэснээр тархины хөгжилд сөргөөр нөлөөлөх бөгөөд аажмаар сурах чадвар буурах, сэтгэл түгших эмгэгт  урт хугацааны сөрөг  үр дагавартай.
  • Электрон  тамхинд хэрэглэж байгаа амт, үнэр оруулагч нь түүний хоруу чанарыг улам нэмэгдүүлж байгаа аж. Тухайлбал ванилин, синнамоны амт оруулагчид байгаа альдегид цахилгаан тамхины хорт бодисыг нэмэгдүүлж байна.
  • Электрон тамхи хүнд хэлбэрийн уушгины гэмтлийн шалтгаан болж буй нотолгоо улам нэмэгдэж байгаа бөгөөд АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс уушгины гэмтлийн дэгдэлттэй цахилгаан тамхи шууд холбоотой гэж дүгнэсэн байна. Электрон  тамхинаас шалтгаалсан уушгины гэмтлийг (EVALI) гэж нэрлэсэн бөгөөд түүний  нэмэлт бодис нь каннабис агуулагдаж байгаа нь түгээмэл тохиолдож байгааг тогтоожээ. 
  • Электрон тамхийг дотоод орчинд хэрэглэхэд агаар дахь тоосонцрын хэмжээг нэмэгдүүлдэг, агаарт ууршсан никотин болон хорт хавдар үүсгэгч бодисууд, хүнд металл, нарийн хэт нарийн ширхэгт тоосонцорт тамхи татаагүй хүн дам байдлаар өртөж, үүнээс шалтгаалсан зүрх судас, уушгины өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна. 
  • Хүүхэд залуус электрон тамхийг хоргүй хэмээн бодож шохоорхон хэрэглэснээр тамхинд орох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Электрон тамхинд агуулагдах бодисын хор хөнөөлийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна. 

Ийм учраас өнөөдрийн байдлаар дэлхийн 82 улс электрон тамхийг хуулиар зохицуулж, 46 улс бүрэн хориглож, 20 улс амт, үнэрийг хориглох замаар өсвөр үе, залуусын дундах тамхидалтыг бууруулж, нийгмийн эрүүл мэндээ үр дүнтэй хамгаалж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe