Цэцэрлэгт хүрээлэнгээр хэсэг хугацаанд алхах, ууланд авирах, голын усны чимээ сонсох гэх мэт байгальд ойр байснаар хэн бүхний сэтгэл санаа тайвширах мэдрэмж төрдөг. Энэ нь зөвхөн бидний төсөөлөлд үлдэхээс гадна бие махбодод хамгийн эерэг өөрлөлтүүдийг авчирдаг. Байгальд ердөө 20 минут байх төдийд л бидэнд эдгээр өөрчлөлтүүд гардаг.
Бид өөрийн мэдэлгүй тайвширдаг
Ногоон моддыг харж, нарсны үнэрийг мэдэрч, шувуудын жиргээ сонсоход бидний автономит мэдрэлийн систем буюу ухамсаргүй үйл явцыг хянадаг мэдрэлийн сүлжээ тэр даруй хариу үйлдэл үзүүлдэг. Их Британийн 20 мянга орчим хүнийг хамарсан судалгаагаар долоо хоног бүр ногоон байгууламжид дор хаяж 120 минут зарцуулдаг хүмүүс эрүүл мэнд, сэтгэлзүйн хувьд бусдаас илүү сайн байдаг болохыг тогтоожээ. Мөн Оксфордын их сургуулийн биологийн олон янз байдлын профессор Баронесса Кэти Уиллис "Бид байгальд хэсэг хугацааг өнгөрүүлснээр цусны даралт буурч, зүрхний цохилт удааширдаг" гэж хэлжээ.
Өөр нэг эерэг өөрчлөлт бол байгальд байх нь стресс, түгшүүртэй үед ихэсдэг кортизол болон адреналин дааврын түвшинг бууруулдаг
Судалгаагаар зочид буудлын өрөөнд гурван өдрийн турш Хинокины (Японы нарс мод) тосоор амьсгалсан хүмүүсийн адреналин дааврын хэмжээ их хэмжээгээр буурчээ. Үүнээс гадна мод, хөрсний анхилуун үнэр нь ургамлаас ялгардаг органик нэгдлүүдээр дүүрэн байдаг тул түүгээр амьсгалахад зарим молекулууд цусны урсгал руу ордог.
Үүний тод жишээ бол нарс мод юм. Нарс модтой ойн үнэр биднийг ердөө 20 секундын дотор тайвшруулж чаддаг байна.
Гэхдээ бид завгүй амьдралын хэв маягтаа дарагдан тэр бүрчлэн энэ бүхнийг хийж чаддаггүй. Харин Баронесса Кэти Уиллисны зөвөлгөөг санал болгож байна. Түүний хийсэн нэгэн судалгаагаар зөөврийн эсвэл ажлын компьютерын дэлгэцэн дээрээ байгалийн зураг тавих эсвэл зүгээр л ногоон зүйл рүү ширтэх нь тархины долгионы өөрчлөлтийг өдөөж, стрессийг бууруулдаг байна.
Харааны хувьд цагаан эсвэл шар сарнай тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, тайвшруулах мэдрэмж төрүүлдэг нь батлагдсан.
Сэтгэгдэл үлдээх