УИХ-ын гишүүн П.Сайнзоригын гаргасан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналын хүрээнд өнгөрсөн баасан гарагт буюу 10 сарын 10-нд Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ) хуралдсан. Гэтэл ажлын цаг дууссан гэх шалтгаанаар хурлыг даваа гарагт буюу 10 сарын 13-ны 11:00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм.
Тэгвэл 11:00 цагт эхлэх байсан ТББХ-ны хурлын ирц бүрдээгүй гэх шалтгаанаар 35 минутын дараа хуралдааныг хаагдлаа.
Тус хороо нь 32 гишүүнтэй бөгөөд Ц.Сандаг-Очир, Б.Хэрлэн, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, М.Бадамсүрэн, С.Зулпхар нарын гишүүд ирцээ бүртгүүлжээ.
П.Сайнзориг гишүүний гаргасан саналд ТББХ-ны 14 гишүүн гарын үсэг зурсан буюу Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж байв. Гэтэл дэмжсэн саналаа хамгаалахын оронд хуралдаандаа ирэхгүй байна гэдэг нь тохиролцоонд хүрсэн үү гэх хардлагыг дагуулж байна.
Харин Н.Номтойбаяр, О.Алтангэрэл нар албан ёсны гадаад томилолттой тул чөлөө авсан байна. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн хурал 10:00 цагт эхэлсэн боловч "хурал дуусаагүй" гэх шалтгаанаар ТББХ-ны хуралд гишүүд нь орж ирээгүй юм. Түүнчлэн ХҮН намын гишүүдээс ч ирцээ бүртгүүлсэнгүй.
Ийнхүү ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир "ирц хангалтгүй" гэх шалтгаанаар хуралдааныг хаасан бөгөөд хэлэлцэх асуудлыг хэвээр үлдээж, дахин тов зарлан хуралдааныг хийнэ гэдгээ мэдэгдлээ.
Ташрамд, тус байнгын хорооны гишүүн бус П.Сайнзориг, Б.Жавхлан нар хуралдаанд оролцохоор ирээд байжээ.
Сэтгэгдэл үлдээх