УИХ-ын гишүүн З.Мэндсайхан өөрийн бланк дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах гарын үсэг цуглуулж, өнөөдөр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барьжээ.
Тус бланк дээр 67 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн З.Мэндсайхан өглөө. Тодруулбал, 34 нь МАН, 31 нь АН, хоёр нь бусад нам, эвслийн гишүүн гарын үсэг зурсан байна. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа байхгүй байсан учраас АН-аас сонгогдсон УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барьж байгаа аж.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах албан тогтоолыг өргөн барьж байна. Өнгөрсөн 5 дахь өдөр мэдээлэл хийж, УИХ-ын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Өнөөдөр УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж салаа утгатай мэдээлэл хийсэн учраас өнөөдөр УИХ-ын дэд даргад өргөн барьж байна. Нийт 67 гишүүн гарын үсэг зурсан" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх