Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо /МБШУҮЭХ/ноос багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр суулт хийж, 10 сарын 16-ны өдрөөс ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан. Энэ асуудлаар өчигдөр Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийхдээ “Багш нар улстөржиж, ажил хаялт зарлах гэж байна. Үйлдвэрчний эвлэл энэ шаардлагаа дахин харах хэрэгтэй” хэмээсэн юм.
Тэгвэл өнөөдөр МБШУҮЭХ-ноос мэдээлэл хийж, Боловсролын сайд П.Наранбаярын мэдэгдэлд хууль зүйн тайлбар хийлээ.
Тухайлбал, П.Наранбаяр сайд багш нарын ажил хаялтыг хууль бус гэж тайлбарласан бол үйлдвэрчний эвлэлийн зүгээс “Ажил хаялт хууль бус эсэхийг П.Наранбаяр тодорхойлохгүй. Шүүхээр л тогтооно” хэмээгээд “Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны хамтын хэлэлцээр дээр цалин хөлсний асуудлыг салбар, салбар дундын хэлэлцээрээр тохиролцоно” гэж заасан байдгийг сануулсан юм. Үүнд:
Энэ дагуу цалин хөлсний асуудлыг жил бүр тавьж, шат шатны арга хэмжээг хуулийн хугацаанд авч хэрэгжүүлж буй нь энэ аж. Мөн П.Наранбаяр сайдын тайлбарлаж байгаагаар багш нарын цалин 17 хувиар нэмэгдсэн гэдэг ч хэлэлцээрт заасанчлан 30-аас доошгүй хувь биш гэдгийг санууллаа.
Энэ мэтчилэн П.Наранбаяр сайдын мэдэгдлийн хариуг хууль, журам, дүрэм, хамтын хэлэлцээрийн дагуу тайлбарлаж, эсрэг байр сууриа илэрхийллээ.
Ийнхүү МБШУҮЭХ-ны бүртгэлтэй 27 мянган гишүүн, 72 мянган багш ажилтны зүгээс салбарын сайдын мэдэгдлийг “ёс зүйгүй үйлдэл” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.
МБШУҮЭХ-ны зүгээс холбогдох шатны байгууллагуудад ажил хаялт зарлахаа 10 сарын 9-ний өдөр мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдэл нь “ажил хаялт зарлахаас 5 хоногийн өмнө мэдэгдэнэ” гэх шаардлагыг хангаж байгаа аж. Тиймээс 10 сарын 16-ны өдрөөс нийслэлийн 78 сургууль, 160 гаруй цэцэрлэг ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Мөн 9 аймгийн сургууль, цэцэрлэгийн багш нар 10 сарын 16-ны пүрэв гарагаас эхлэн ажил хаялт хийх хүсэлтээ ирүүлжээ. Энэ мэтчилэн цаашид ч ажил хаялтад нэгдэх сургууль, цэцэрлэг, багш ажилчдын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Ажил хаялт зарласантай холбоотой үүсэх үр дагаврын хариуцлагыг Боловсролын яам, холбогдох байгууллагууд үүрнэ гэдгийг мөн онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх