УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хурал болж, 36 гишүүний ирцтэйгээр хуралдлаа. Ийнхүү хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудаа танилцууллаа.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15–20 хувь, эмчийн цалинг 10–15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүржээ.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг олонхийн саналаар бүлгийн даргаас нь огцрууллаа.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар "Уг шийдвэрийг гаргахын тулд улсын төсөвт хэмнэлт хийхээс гадна байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдөр болсон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү зарчмын шийдвэрээ танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд дэмжсэн болно. Засгийн газрын зүгээс энэхүү ажлын хүрээнд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ард иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тэмцэл үргэлжилж байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх