НИТХ-ын төлөөлөгч Б.Э-д холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Ц.Чимэдцэеэ
2025-10-15

АН-аас сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Б.Э нь удаа дараа хүчирхийлдэг байсан ба гэр бүл цуцлуулах талаар илэрхийлэхэд сүрдүүлж, дарамталдаг хэмээн эхнэр нь хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлжээ.

Сэтгүүлч С.Будрагчаад өгсөн ярилцлагадаа “Ээж, аавыг минь мөнхийн дарамтална, аавын минь хоёр шүдийг хугалж байсан. Эрэгтэй дүүг маань хүнээр зодуулна, эмэгтэй дүүгийн минь цүнх савыг булаалгуулна, хүнээр хүчиндүүлэх гэж сүрдүүлнэ. Гэр бүлээр минь дарамтална. Салах гээд ээж аавындаа амьдарч байхад гэрийн гаднаас машинд чихэж, хээр аваачаад, Б.Э “Надтай амьдарвал амьдар, эсвэл үх” гэсэн” хэмээн дурджээ.

Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтэст шалгаж, энэ сарын 9-нд яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас хохирогчийг хамгаалах байранд авах боломжтой хэмээн мэдэгдлээ.

Б.Э нь эрх зүйч мэргэжилтэй, СБД-ийн 16-р хорооны Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаал эрхэлж байсан юм.

Түүний эхнэр мөн яриандаа "Улс төрийн ажил их стресстэй, хүнд юм шиг байна билээ. Нэг удаа сонгуулийн сурталчилгааны контентоо сайн хийж чадсангүй гэх шалтгаанаар хүчирхийлж, хамрыг минь хугалж байсан" хэмээжээ.

Эрүүгийн хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгажээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe