Ч.Номин: Олон улсын сурталчилгаанд зарцуулсан 1 доллар бүр ойролцоогоор 1600 долларын эдийн засгийн эргэлтийг бий болгосон

.Graph
2025-10-15

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн амралтын өдрүүдээр нэгэн ноцтой баримтыг дэлгэсэн. Тодруулбал, “Эрдэнэс Оюутолгой компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллароор (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж, “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар "Хэро энтертайнмент" компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон” гэж мэдээлсэн. Тэгвэл энэ талаар сэтгүүлчид Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номингоос тодруулжээ. 

- “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгаанд төсвөөс нэг ч төгрөг гараагүй гэж та өмнө нь мэдэгдэж байсан. Гэтэл 7 тэрбум төгрөгийг уг сурталчилгаанд зарцуулсан гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар тайлбар хийгээч?

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номин "Би өмнө нь хэлж байсан. Дахиад ч хэлье. Намайг Соёлын сайдаар ажиллаж байх үед Соёлын яамны зүгээс “Монгол Хаан” жүжигт ямар нэгэн санхүүжилт гараагүй болохыг албан ёсоор, хариуцлагатай мэдэгдэж байна. Б.Энхбаяр гишүүний хувьд маш хариуцлагатай ажил хийж байсан буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн сургаар, нягталж үзэлгүй хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж үзэж байна. Өөртөө дүгнэлт хийж, анхаарах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

Яамны зүгээс “Монгол Хаан” жүжигт бодлогын дэмжлэг үзүүлж байсан. Тодруулбал, албан бичиг гаргаж өгөх, уулзалт товлох ажлуудыг хийж өгсөн.

Тэгэхээр тэр яриад байгаа санхүүжилт, сурталчилгааны талаар “Эрдэнэс Оюутолгой” болон “Atticus Partners” гэх хоёр байгууллагаас тодруулах нь зүйтэй. 

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед Монгол Улсыг олон улсад сурталчлахад чиглэсэн соёл, аялал жуулчлал, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хамгийн том бодлого бол Go Mongolia төсөл. Ковид 19 цар тахлын өмнө аялал жуулчлалын салбар жилд 500 мянга гаруй жуулчин хүлээж авдаг байсан. Цар тахлын дараа буюу 2022 онд жуулчдын тоо 200 мянга болоод буурчихсан. Тиймээс 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, Go Mongolia брэндийг үүсгэн, олон улсын сурталчилгаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарсан. 

Үр дүнд нь 2023 онд 650 мянга гаруй, 2024 онд 880 мянган жуулчныг хүлээн авч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Ингэснээр 1.6 тэрбум доллар буюу 6 их наяд орчим төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Улсын төсвийн 20 орчим хувьтай дүйцэхүйц хэмжээ.

Энэ төслийг ийм амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Зөвхөн Монгол ч гэлтгүй дэлхий дахинаа өөрийн улсыг олон улсад сурталчлах, гадаад иргэдэд таниулахын тулд олон улсын томоохон байгууллагатай хамтарч ажилладаг. Энэ хүрээнд CNN, BBC, Английн хөл бөмбөгийн дээд лигийн Fulham баг, дэлхийн хамгийн том, олон улсын үндэсний брэндингийг хийдэг Edelman компанитай хамтран ажилласан. Edelman компаниар дамжуулан Time сэтгүүл, National Giographic зэрэг олон байгууллагатай хамтарч ажилласан. 

Эдгээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахдаа 2023-2026 оныг дуустал буюу олон жил дамнасан гэрээнүүдийг байгуулсан. Ийнхүү 

  • BBC-тэй 500 мянган долларын гэрээ байгуулж, 170 сая хүнд хүрсэн,
  • CNN-тэй 1.7 сая долларын гэрээ байгуулж, 270 сая хүнд хүрсэн,
  • Fulham багаар дамжуулж 215 сая хүнд хүрсэн
  • Хятадын Trip.com-оор дамжуулж 215 сая хүний хандалт, нэвтрэлт авсан. 

Нийтдээ 5.9 сая ам.долларын гэрээ байгуулж, 670 орчим сая хүнд хүрсэн компанит ажлыг хийсэн. Намайг сайдаар ажиллаж байх үед 2.1 сая долларын төлбөрийг эдгээр олон улсын байгууллагуудад төлсөн. Тэгэхээр цаашаа гүйцэтгэл нь үргэлжлээд, төлбөр нь гарахаар үлдсэн байгаа. 

Ерөнхийд нь дүгнээд хэлбэл, олон улсын сурталчилгаанд зарцуулсан 1 доллар нь ойролцоогоор 1600 долларын эдийн засгийн эргэлтийг бий болгосон гэж үзсэн. 3500 төгрөг тутамд 5 сая төгрөгийн эдийн засгийн эргэлт гэсэн үг. Энэ бол маш амжилттай хэрэгжсэн төсөл” гэв.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe