П.Наранбаяр: Хуулиа дагаад ажил хаялтаа болиоч ээ, хүлээцтэй хандаач ээ

.Graph
2025-10-15

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш нарын цалинг 20 хувиар нэмэх шийдвэрийг гаргасан. Цалин нэмэх шийдвэр болон багш нарын ажил хаялтын талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа. 

Боловсролын сайд П.Наранбаяр “Өнөөдөр 13:30 цагаас МБШУҮЭХ-ны төлөөлөлтэй дахин  уулзана. Засгийн газар зарчмын шийдвэр гаргаж, багш нарын цалинг 20 хувь нэмэхээр боллоо. Энэ бол сүүлийн жилүүдэд байгаагүй нэмэгдэл. 

Бидэнд гурван талт нийгмийн түншлэлийн хэлэлцээр, хамтын хэлэлцээр байдаг. Хамтын хэлэлцээрийн 3.1 дээр “30 -аас доошгүй хувиар нэмнэ, жил бүр цалингийн нэмэлт хэлэлцээрийг байгуулна” гэж заасан байдаг. Нэмэлт хэлэлцээрээ байгуулаад явж байсан. “Жил бүр 30 хувь нэмнэ” гэсэн хар дээр цагаанаар биччихсэн амлалт байхгүй. 

Байдгаараа л хамтдаа хичээлээ. УИХ-д асуудлаа оруулж байна. Ямар ч байсан эхний ээлжид үндсэн цалинг 20 хувь нэмэх шийдэлд хүрлээ. Цаашдаа ч цалинг тогтвортой нэмэх төлөвлөгөө гаргаж ажиллана.

Ийм байхад хүүхдүүдийнхээ сурлагыг бодоод, аюулгүй байдлыг бодоод сургууль, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг хангахад хамтран ажиллаач гэж багш нартаа уриалж байна. Эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд шууд нөлөөлнө шүү дээ. 

Арбитр нь дөнгөж томилогдоод, ажиллагаа эхэлж байхад шууд ажил хаялт хийх нь эрсдэлтэй. Тиймээс та бүхэн хуулиа дагаад ажил хаялтаа болиоч ээ, хүлээцтэй хандаач ээ гэж уриалж байна” гэв.

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын зүгээс “Арбитр томилогдоод үүнийг хууль бус ажил хаялт гэж үзвэл Шүүхээр шийдвэрлүүлнэ. Шүүхээс багш нарын ажил  хаялт хууль бус гэсэн шийдвэр гарвал цалин, илүү цагийн хөлс олгогдохгүй” гэдгийг онцолсон юм.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe