Тамхидалтаас болж жилд найман сая хүн амиа алдаж байна

.Graph
2025-10-15

Дэлхий даяар жил бүр 8 сая хүн тамхины хэрэглээнээс болж нас барж байгаа гэсэн ДЭМБ-ын статистик байна. Үүнээс 7 сая орчим нь шууд тамхидалтаас, 1.3 сая нь дам тамхидалтын улмаас нас бардаг ажээ.

2023 оны байдлаар дэлхийн хэмжээнд 1.3 тэрбум хүн тамхи хэрэглэж, эрэгтэйчүүдийн 34%, эмэгтэйчүүдийн 6% нь тамхи татаж байна. Тамхины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч байгаа бол хөгжиж буй орнуудад хэрэглээ нэмэгдэж байгааг ДЭМБ тайландаа дурджээ. Одоогоор 60 улс тамхины хэрэглээг 2010-2025 оны хооронд 30% бууруулах зорилтын хүрээнд үр дүн гаргаж байгаа боловч бусад улс оронд нэмэлт бодлого шаардлагатай хэвээр байгааг мөн онцолсон байна.

Монгол Улсын хувьд 15-69 насны хүн амын дунд тамхидалтын түвшин 24.2% буюу таван хүн тутмын нэг нь тамхи татаж байна. Үүнээс эрэгтэй 43.7%, эмэгтэй 5% буюу тамхидалт эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 8.7 дахин их байна. Тамхины хэрэглээнээс үүдэлтэй жил бүр 4300 орчим хүн нас барж байгаа ба 72% нь 70-аас доош насанд тохиолдож байгаа ажээ. Улмаар тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 800 тэрбум төгрөг давж, ДНБ-ий 2.1 хувьд хүрсэн байна. Энэ нь тамхитай холбоотой татвараас олж байгаа орлогоос 22 дахин өндөр дүнтэй алдагдалд тооцогдож байна. 

Монголд тамхи хэрэглэгчдийн хувь 2005 онд 26.6% байсан бол 2019 онд 24.2% болж буурсан нь Тамхины хяналтын тухай хуулийг шинэчилсэнтэй холбоотой байв. Үүний үр дүнд өдөр бүр тамхи татдаг хүмүүсийн хувь 23.3%-аас 21.6% хүртэл буурсан байв. Харамсалтай нь шинэ төрлийн электрон тамхинд зохицуулалтгүй хийлгүй явсан нь энэ төрлийн тамхины хэрэглээ нэмэгдэж, Монголд тамхидалт залуужих болов.

2023 онд хийсэн Боловсролын орчин дахь хүүхдийн эрх хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаагаар ЕБС-ийн 13-17 насны суралцагчдын 24.8% буюу дөрвөн суралцагч тутмын нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэж, 10 суралцагч тутмын нэг нь янжуур тамхи татсан байна.

Электрон тамхи нь янжуур тамхитай яг ижил хор нөлөөг эрүүл мэндэд учруулдаг болохыг ДЭМБ мэдэгдсэн. Ялангуяа, бүх электрон тамхи донтуулах чадвар өндөртэй никотин болон бусад химийн хорт нэгдэл ялгаруулж, жирэмсэн эмэгтэйн ургийн хөгжил болон хүүхэд, өсвөр насныхны тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг аюултайг анхааруулжээ.

Электрон тамхи татан хэрэглэж байсан хүн уламжлалт янжуур тамхийг хэрэглэж эхлэх, улмаар донтох магадлал 3 дахин нэмэгддэг байна.

Өсвөр насандаа  электрон тамхи хэрэглэж байсан хүүхэд огт хэрэглэдэггүй байсан хүүхэдтэй харьцуулахад уламжлалт тамхинд орох магадлал хоёр дахин нэмэгддэг аж.

Харин тамхийг хаяснаас хойш

  • 1 жилд- Зүрх судасны өвчин тусах эрсдэл 50 хувиар буурна.
  • 5 жилд- Тархинд цус харвах эрсдэл буурч эхэлнэ.
  • 10 жилд- Уушгины хавдраар нас барах эрсдэл 50 хувиар буурна. Мөн бусад хавдрын эрсдэл буурна.
  • 15 жилд- Зүрх судасны өвчний эрсдэл байхгүй болж тамхи татдаггүй хүнтэй ижил болдог байна.

Тиймээс иргэд, ялангуяа өсвөр насны хүүхдүүд, залуучууд тархийг гэмтээж, дараа дараагийн донтолтод хөтөлдөг энэхүү хортой бүтээгдэхүүнээс татгалзаж, эрүүл мэндээ хамгаалах нь чухал юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe