Өвлийн дугуйгаа сольж амжсан уу

Д.Халиунаа
2025-10-15

Нийслэл Улаанбаатар хотноо өчигдөр буюу мягмар гарагт анхны цас орж, хүйтний хаяа хаалга тогшлоо.

Mkweather цаг агаар, байгалийн үзэгдлийн талаар сонирхолтой мэдээлэл оруулдаг байгууллагаас энэ жил 12 дугаар сарын сүүлээс хоёрдугаар сарын хооронд төв Азийн хэсгээр хүйтний эрч чангарч, сүүлийн арван жил тохиолдоогүй хамгийн хүйтэн өвөл болно хэмээн мэдэгдсэн.

Монгол улс энэ хэсэгт багтдаг бөгөөд энэ өвөл бид хүнд цаг үетэй нүүр тулах нь ээ.

Үүний зэрэгцээ жолоочид өвлийн дугуйгаа тавьж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах цаг үе ирж байна.

Өвлийн дугуй, зуны дугуйнд ямар ялгаа байна вэ?

Зуны дугуйг ямар ч цас, мөс тогтсон гулгаатай үед ашиглах боломжгүйгээр тооцон үйлдвэрлэдэг. Түүнийг хийсэн резиний хольц нь өндөр температурын халалтад зөөлрөхгүй, мөн өндөр хурдтай явахад элэгдэл харьцангуй бага байдаг. Үйлдвэрлэгчид дугуйг үйлдвэрлэхдээ өөр хоорондоо эсрэгээр нөлөөлөх шинж чанаруудыг сонгон, тус шинж чанаруудын аль алинд тохирсон оновчтой шийдэл гарган үйлдвэрлэхийг зорьдог.

Харин өвлийн дугуйг цас, мөстэй замд зориулан хийсэн байдаг бөгөөд түүний резиний хольц нь хүйтний улиралд хүч дамжуулахад хангалттай уян налархай шинж чанартай байдаг. Өвлийн дугуйг M+S (англ. Mud and Snow, монг. шавар болон цас) гэсэн тэмдгээр тэмдэглэдэг. Мөн дугуйны арзгар хээ, ховил нь мөстсөн замд барьцалдах чадвар сайтайгаа байдаг бол зуны дугуй хүйтнийг тэсвэрлэх чадамж муутайгаас гадна хөлдөж, халтирах өндөр эрсдэлтэй байдаг.

Ямар дугуй сайн бэ?

Манайд ихэвчлэн Япон болон Хятад улсаас дугуй орж ирдэг. Япон дугуй нь орж ирсэн буюу эдлэгдэж байсан хуучин дугуй бол Хятад дугуй нь шинэ дугуй юм. Харин чанарын хувьд Япон дугуй нь насжилт болон чанарын хувьд илүү сайн хэмээн өгөөмөр захын худалдаа эрхлэгчид санал болголоо. 

Үнэ хэд вэ?

Мэдээж машины маркаас хамаараад үнэ өөр өөр байна. Өчигдөр бид цас унахтай зэрэгцэн өгөөмөр зах руу явж үнийн мэдээллийг судалсан билээ. Тус захад нэг ширхэг өвлийн дугуй хэмжээ, машины маркаасаа хамаараад 50 мянгаас 250 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. 

Монголд хамгийн их байдаг пириус маркийн машины дугуйны үнийг авч үзье. 

Орж ирсэн буюу Япон хуучин дугуйны үнэ 50 мянгаас 80 мянган төгрөгийн хооронд байгаа бол эдэлгээгүй, шинэ Хятад дугуй 120 мянгаас 250 мянган төгрөгийн хооронд байна.

Хэдий Япон дугуй нь үнийн хувьд Хятад дугуйнаас хоёр дахин хямд өртөгтэй байгаа ч худалдаа эрхлэгчид Япон дугуй нь илүү сайн гэлцэж байна. 

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр өнгөрсөн 2024 онд улсын хэмжээнд 30977 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд 97.2 хувь нь жолоочийн буруугаас бол 2.5 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.4 хувь замын нөхцөл, техникийн гэмтлээс шалтгаалжээ. Эдгээрээс өнгөрсөн жил цас орж эхэлснээс хойш 758 осол бүртгэгдсэн бөгөөд үүний шалтгааны дийлэнхийг зуны дугуйгаа солиогүйгээс үүдэлтэй зам тээврийн ослууд эзэлжээ.

Дээрх графикаас харахад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зам, тээврийн ослын тоо тогтмол нэмэгдсэн бөгөөд 2024 онд хамгийн их буюу таван мянгаар өссөн байна. 

Видео сурвалжилгыг холбоосоор орж үзнэ үү. 

https://www.facebook.com/reel/1156731639735281

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe