Намрын чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын огцруулах УИХ-ын 51 гишүүний гарын үсэг бүхий саналыг хэлэлцэж байна.
Гэсэн ч уг хуралдаан хуулийн дагуу эсэх нь эргэлзээтэй байна.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдрөөс бэлтгэж, өнөөдөр ирц хүрсэн учраас эхлүүлж байгаа нь Дэгийн хуультай зөрчилдөхгүй” хэмээсэн ч УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дэгийн тухай хуулиар өнөөдрийн хурлын ирцийг өнөөдөр шинээр эхлүүлэх ёстой” гэж мэдээлсэн билээ.
УИХ-ын дэгийн тухай хуулийн 6.2-т зааснаар Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ гэж заасан байдаг.
Дээрх хугацаа хоног дамнан үргэлжилж болох эсэх нь маргаантай байгаа юм. Гэсэн ч хуралдаан үргэлжилж байна.
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, ЕС хариулсны дараа үг хэллээ. Санал хураалт удахгүй эхэлнэ.
Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр уг албан тушаалаас чөлөөлөх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Д.Амарбаясгалан асуултад хариулахгүй, үг хэлүүлэхгүй горимоор чөлөөлж өгөхийг хүсжээ.
Сэтгэгдэл үлдээх