Хоёр жилийн турш үргэлжилсэн дайны эзэд болох Израиль, Хамасын талууд Палестины нутаг дэвсгэр Газын зурваст гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсны дараа тэд бүх барьцаалагдсан иргэдийг суллаж, солилцсон билээ. Харин одоо хотыг сэргээн босгох ажилтай нүүр тулаад байна. НҮБ, Европын холбоо, Дэлхийн банкны хамтарсан тооцоогоор Газаг сэргээн босгоход дор хаяж 70 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Мөн НҮБ-ийн хөгжлийн агентлагаас Газаг сэргээхэд хэдэн арван жил зарцуулагдна гэж үзжээ.
Изриалийн бөмбөгдөлт 68 мянга гаруй Палестин иргэний аминд хүрч, Газын зурвасыг тэр чигт нь үнсэн нурам болгосон. Хоёр сая гаруй хүн амтай Газын зурвас дахь иргэдийн 90 хувь нь дүрвэсэн байна.
Мөн 2023 онд дайн эхэлснээс хойш барилга байгууламжийн 80 гаруй хувь нь сүйрсэн ба тариалангийн талбайг бүхэлд нь бөмбөгдсөн тул хот тэр чигтээ өлсгөлөнд нэрвэгдээд байна.
Үүнээс гадна 282,904 байшин, орон сууц эвдэрч сүйрчээ. Харин одоо иргэд хотын ойролцоо майханд байрлаж байгаа бөгөөд эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийн 80 гаруй хувь нь устаж үгүй болсон тул нарны зай хураагуур ашиглан арай ядан амьдарч байна.
Үүгээр зогсохгүй Израилийн цэргүүд Газын зурвас дахь бүх сургуулийг бөмбөгдөж, үгүй хийсэн.
Цаашлаад цэвэр ус бол тэдний хувьд нэн даруй чухал хэрэгцээ юм. Юнисефийн тооцоолсноор 2023 оны аравдугаар сараас хойш нийт 600 гаруй ус, ариун цэврийн байгууламжийн 70 гаруй хувийг эвдэж сүйтгэжээ.
JCB-ийн гүйцэтгэх захирал асан Филип Буверат Газаг босгоход хамгийн эхэнд хийх нэн шаардлагатай ажил бол хог хаягдал, нурангийг цэвэрлэх гэж хэллээ. Тэрбээр хог хаягдлыг ангилж ялгасны дараа хуванцар, ган зэрэг материалыг устгаж, дараа нь үлдсэн бетоныг нунтаглаж дахин ашиглах боломжтой гэж үзжээ.
Сэтгэгдэл үлдээх