Франц улсад байрлалтай дэлхийн хамгийн алдартай Лувр музейд өчигдөр буюу ням гарагт хулгай гарч, гэмт этгээдүүд дөрвөн минутын дотор долоон үнэт зүйлийг хулгайлж, зугтсан талаар тус улсын Соёлын яамнаас мэдээллээ.
Орон нутгийн цагаар өглөөний есөн цаг 30 минут орчмын үед жуулчид музей үзэж байх зуур нүүрээ халхалсан дөрвөн хулгайч энэхүү гэмт хэргийг үйлджээ. Тэд галерей руу гаднаас нь орохын тулд шат ашиглаж, цонхны шилийг дискний зүсэгчээр огтолжээ.
Ямар үнэт зүйлс алдагдсан бэ?
Хулгайлагдсан үнэт зүйлсэд Францын эзэн хаан нэгдүгээр Наполеоны хоёр дахь эхнэр, хатан хаан Мари-Луиз болон гуравдугаар Наполеоны эхнэр Евгений хатаны эзэмшиж байсан үнэлж баршгүй эд зүйлс багтсан байна.
Зургаар үзэх бол энд дараарай.
Дээрэмчид найман үнэт зүйлийг хулгайлах оролдлого хийсэн бөгөөд долоог нь авч, харин Хатан хаан Евгений титэмийг зугтаж байх замдаа унагаасан байна. Титэмийг музейн хананы гадна хэсгээс олжээ. Тэрхүү титэм 1354 алмаз, 56 маргад эрдэнэ агуулсан үнэлж баршгүй эдлэл юм.
Одоогоор гэмт этгээдүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Луврын мүзейг бүрэн хаасан байна.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Луврын музейд гарсан хулгай бол бидний түүх, соёлыг хүнд цохилтод оруулсан хэрэг юм. Алдагдсан бүтээлүүдийг буцаан олж, гэмт этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн сошиал хуудаснаа бичжээ.
Энэхүү хэргээс өмнө 1911 онд ийм төрлийн хулгай тус музейд гарсан бөгөөд Мона Лизагийн хөрөг жаазнаасаа алга болсон байдаг. Харин түүний зургийг хоёр жилийн дараа олж чаджээ.
Сэтгэгдэл үлдээх