Жил бүрийн аравдугаар сарын 31-ны өдөр дэлхий даяар Halloween буюу аймшгийн баярын өдөр тохиодог. Тус баяр анх 2000 гаруй жилийн өмнө Кельтүүдийн (Төв Европчууд) “Samhain” хэмээх баяраас үүдэлтэй. Тухайн үед хүмүүс зуны улирал дуусаж, өвлийн улирал айлчлан ирэхийг бэлгэшээн энэхүү баярыг тэмдэглэдэг байжээ. Мөн тухайн өдрийн шөнө сүнснүүд дэлхийд айлчилдаг хэмээн итгэдэг байсан.
Үүний дараахан Христийн шашин дэлгэрэх үед “Samhain” баярыг “All Hallow’s Eve” хэмээн өөрчилсөн бөгөөд энэ нь явсаар өнөөгийн бидний мэддэг Halloween болсон юм.
Харин тус баяр нь орчин үед шашны утгаасаа илүү соёлын, хөгжилтэй баяр болон хувирсан билээ. Хүмүүс өөрсдийн хүссэн аймшгийн дүрд хувиран тэмдэглэдэг бөгөөд хүүхдүүд айлын хаалга тогшин чихэр цуглуулдгийг мартаж болохгүй.
Испани улсын Каталони мужийн зүүн хойд хэсэгт байрладаг Террасса хотод 11 дүгээр сарын зургааны өдөр хүртэл хар муур үрчлэхийг хоригложээ.
Тус хотын амьтны халамжын төвөөс хэлэхдээ хар муур үрчлэх хүсэлт аймшгийн баярын өдөр маш их ихэсдэг. Тиймээс хар мууруудыг гэмтэхээс сэргийлэх үүднээс тус шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдлээ.
Террасса хотод 9800 гаруй муур амьдардаг бөгөөд үрчлэлтийн төвд 100 муур байдаг байна. Харин тэдний 12 нь хар өнгөтэй муур юм.
Хар муур Halloween-тай хэрхэн холбогдсон бэ?
Дундад зууны үед хар муурыг шидтэнүүдийн туслах хэмээн үздэг байсан бол энэ нь яван явсаар эцэс сүүлдээ хар муур бол муу ёрыг дагуулсан чөтгөрийн туслах хэмээн үзэх болсон.
1500-аад оны үед шулмууд хар муурын дүрд хувирч, улс орныг тойрон эрх чөлөөтэй тэнүүчилж, хүмүүсийг сүйтгэж, тагнаж чаддаг гэсэн мухар сүсэг бий болсон. Энэ үеэр Пуритан шашинтнууд муу бүхнээс өөрсдийгөө хамгаалахын тулд тэдгээр амьтдыг шатаах уламжлалыг эхлүүлсэн байдаг.
Харин дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхлэн хар муур, хулуу зэргийг Halloween-ий бэлэг тэмдэг болгон ашиглах болсон. Харин одоо барууны ихэнх орнуудад хар муурыг муу ёрын дохио гэж итгэдэг тул Halloween-ий баяраар тэднийг ашиглах явдал элбэг тохиолддог. Харин Япон болон Европын холбооны зарим орнуудад хар муурыг хөгжил цэцэглэлт, аз авчрагч хэмээн бэлгэддэг байна.
Сэтгэгдэл үлдээх