Х.Булгантуяагийн татгалзах хүсэлт гаргасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан гэж хэн бэ

.Graph
2025-10-22

Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн.

2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр сурч төгссөн. Мөн Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ.

Япон, Англи хэлний мэдлэгтэй. Түүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны хоёрдугаар тогтоолоор дэд профессор цол олгосон.

Тэрбээр, 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхимд туслах ажилтан, 2013 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүй судлалын тэнхимд Дэд профессор, 2015 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль, Нийтийн эрх зүйн тэнхимд Дэд профессор зэрэг албан тушаалд нийт 18 жил ажилласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан.

О.Мөнхсайханыг Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу 2023 онд УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон байдаг.

О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн мэргэжлийн ёс зүй, Эрх зүйн болон улс төрийн онол, Хүний эрх, Шударга ёсны онол зэрэг нийт 14 хичээл заадаг.

Тэрбээр АНУ-д Вашингтоны их сургууль болон Жорж Вашингтоны их сургуульд зочин судлаач, Япон Улсын Нагояагийн их сургуульд гадаад судлаачаар ажиллаж байсан туршлагатай.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe