АНУ-ын Мичиган муж нь дэлхийн авто машины нийслэл хэмээн нэрлэгддэг. Тус мужийн хойд эргийн ойролцоо “Хурон” нуур байрладаг бөгөөд түүний ойролцоо Макинак арал оршдог билээ.
Макинак арал нь Мичиганы дундад мөстлөгийн үеэр (ойролцоогоор 11,000 жилийн өмнө) Хурон нуурын усыг бүрдүүлэх мөсөн голууд хайлах үед үүссэн байдаг.
Харин 1780 онд Британчууд “Fort Mackinac” нэртэй цайзыг байгуулж, тус аралд стратегийн цэргийн баазыг бий болгосон. Үүний дараа 1796 онд АНУ энэ бүсийг Британиас буцаан авч, арлыг өөрсдийн мэдэлд оруулсан байдаг. Мөн 1895 онд Мичиган мужид шилжиж, “Mackinac Island State Park” нэртэй болсон.
Макинак арал 1898 оноос хойш авто машин явахыг хориглох шийдвэр гаргасан.
Одоо тус арал дээр 600 иргэн суурьшин амьдардаг бөгөөд нэг хүнд нэг морь ноогддог буюу 600 морьтой, аялал жуулчлалын үзэсгэлэнт арал билээ. Тус аралд голлох тээврийн хэрэгсэл бол унадаг дугуй юм. Арал дээр нийт 1500 орчим дугуй байдаг байна.
Сэтгэгдэл үлдээх