Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтээс онцолж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 10 дугаар сарын 22-нд Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол, тус тогтоолыг хэлэлцсэн худалдаан, хуралдаанд хэлэлцүүлсэн томьёолол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн. Ийнхүү өглөөний 09.30 цагаас 22.30 цаг хүртэл хуралдаж, Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн.
Уг хуралдааныг процессын алдаатай байсан хэмээн зарим хуульчид байр сууриа илэрхийлж байна.
Дээрх гурван асуудал Үндсэн хуулийн дараах заалтыг зөрчсөн хэмээжээ.
1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
43 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
70 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.
Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайдын хүсэлт ҮХЦ-д ирсэн тохиолдолд шууд маргаан үүсгэх боломжтой. Хүсэлт гаргагчийн ихэсгэсэн шаардлага буюу дээр дурдсан гурван асуудлыг хуульд нийцсэн тул ҮХЦ нэгтгэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
Хэрэв тусгаарлан хэлэлцвэл нэг асуудалд ялгаатай бүрэлдэхүүн, ялгаатай шийдвэр гарах эрсдэлтэй гэж үзсэн.
Маргааныг “Их суудлын хуралдаанаар” хэлэлцсэн учир нь УИХ-ын дэд дарга нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал тул ҮХЦ-ийн тухай хуулийн 3.4 дэх хэсгийн дагуу 7–9 гишүүний бүрэлдэхүүнтэй их суудлын хуралдаанаар шийдвэрлэнэ.
Үндсэн хуулийн 43.1, 22.3-т зааснаар Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Хэрэв томилохгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрхтэй.
Тиймээс ҮХЦ "онц хүндрэлтэй яаралтай маргаан” гэж үзэн шууд хуралдаанд бэлтгэн товлосон.
“Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн санал” гэдэг нь “огцруулахгүй” гэсэн утгатай тул “дэмжинэ, дэмжихгүй” гэх буруу логик хэрэглэсэн санал хураалт нь гишүүдийн ойлголт, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлсөн. Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн зорилго нь гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, бие даасан байдлыг хангах, парламентын олонхийн итгэл дээр суурилсан хяналт гэж тайлбарласан.
Иймд санал хураалтын томьёолол, ирцийн бүртгэл, байнгын хорооны дүгнэлтээр шийдвэр гаргасан үйлдлүүд парламентын ардчиллын зарчимд харш хэмээн үзжээ.
Сэтгэгдэл үлдээх