Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нараас эхлэлтэй гэгдэх МАН-ын хагарал Үндсэн хуулийн цэц дээр очтолоо хүндэрч байгааг улсаараа харлаа. Гэтэл нөгөө талд шатахуун тасалдаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, цахилгаан тасарч, дулаан доголдож эхэлсэн. Монголчууд бид эрвийх дэрвийхээрээ ажиллаж улсдаа чадах чинээгээрээ татвараа төлсөөр. Гэвч иргэдийн амьдрал төрийн дээд албан тушаалтнуудад сонин биш намынхаа эрх мэдлийг хэн нь авах гэх асуудалд л толгой нь ажиллаж байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт Ерөнхийлөгчийн хоригтой ижил гарав
Монгол Улсын түүхэнд анх удаа Үндсэн хуулийн шүүх гэгддэг Үндсэн хуулийн цэцийн хурлаар Монгол Улсын Засгийн газар, УИХ маргагч талуудаар оролцлоо. Цэцийн шийдвэр тодорхой, цэц нэг талд үйлчилж байна гэсэн үндэслэлээр хурлын танхимыг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид буюу УИХ-ын гишүүд гарч явснаар цэцийн их суудлын хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид буюу сайд нарын өөдөөс тулав. Олон цаг мэтгэлцэж, асуугдсан хурал оройн 22:50 минутын үед шийдвэрээ танилцуулж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хуулийн 1.2, 70.1 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзсэн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоод бүтнээр нь хориг тавихдаа Үндсэн хуулийн 1.2, 70.1 дэх зүйлтийг зөрчсөн гэх үндэслэлээр хориг тавьсан.
Засгийн газар баяраа тэмдэглэж УИХ-ын тал сошиалд гомдоллов. Ялж, ялагдахын нэг үзэгдэл нь тэр юм уу даа. Ингээд нэгэнт цэц Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнээр түүнийг эгүүлэн татах тухай яригдаж эхэлсэн. Гэхдээ процесс яг яаж явах эсэх нь тодорхойгүй хэвээр үлдэв. Тэгэх ч ёстой. Цэц Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн л гэж дүгнэлт гаргаснаас биш гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт танилцуулаагүй. Тийм учраас хуулийн заалтаас харсан үндэслэлээ тайлбарлая. Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзсэнийг УИХ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эгүүлэн татна гэсэн заалт Үндсэн хуульд байна. Тийм учраас Х.Булгантуяагийн асуудал мөн л нэг гишүүн санал гаргаж байнгын хороогоор ороод УИХ-аар хэлэлцэх магадлалтай юм.
УИХ дээр ялсан ч Үндсэн хуулийн цэц дээр ялагдсан Д.Амарбаясгалан хэрхэх вэ?
Үндсэн хуулийн цэц зөвхөн Х.Булгантуяаг хурал удирдан явуулахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тийм учраас тухайн үеийн чуулган хүчин төгөлдөр. Харин Ерөнхий сайдын бүрэн эрх эргэн сэргэж Д.Амарбаясгалан одоогоор ажлаасаа чөлөөлөгдсөн хэвээр үлдэнэ. Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авах юм бол Ерөнхийлөгчийн хоригт дурдагдсанаар тухайн өдрийн чуулган хүчингүйд тооцогдож Д.Амарбаясгалан УИХ-ын дарга хэвээр үлдэж таарна. Ингээд бүх зүйл гараанаас гарсан цэгтээ очиж дахин эхлэх юм. Гэхдээ илүү хурц хэлбэрээр эхлэх магадлалтай. Тухайлбал Ерөнхийлөгчийг огцруулах акц, УИХ тарах хүртэлх нөхцөл байдал руу шилжих гэх мэтчилэн.
Г.Занданшатар дараагийн Ерөнхий сайдын замыг засаж өгнө
Хэдийгээр эрхээ сэргээлгэсэн ч Г.Занданшатарын тамга атгах хугацаа тийм ч урт биш болов уу. Гэхдээ дүрвэл дүрсэн шиг дүрнэ гэдэг шиг нэгэнт эхлүүлсэн асуудлаа дуусгачхаад тамгаа дараагийн хүндээ атгуулах байх. Дүрсэн ажил нь мэдээж Д.Амарбаясгаланг шалгах. Маргааш түүний хүссэн Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-ын чуулганы хурлаар орон албан ёсоор батламжлуулна. Ингээд Г.Занданшатарын засаг бүтэн болж цэвэрлэгээгээ эхэлж магадгүй. Томилгоот албандаа тогтож чадалгүй нэг ганхсан. Дахиад ганхах эрх түүнд байхгүй.
Легитм шинжээ үгүй хийсэн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар...
Улс төрчдөд хамгийн чухал зүйл бол олон нийтийн дэмжлэг. Гэхдээ эрх мэдлийн төлөөх тэмцэл дундаа өөрсдийн нэр хүнд, олон нийтийн дэмжлэг, зарчим гээд бүх зүйлээ үгүй хийсэн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр эхний эгнээнд зогсох орон зай үлдсэнгүй. Эрх нь сэргээд эргээд Ерөнхий сайдаа хийх гэж байгаа ч ард түмэн түүнийг нэгэнт таашаахаа больчихсон. УИХ-ын даргын ажлаа өөрийн хүсэлтээр өгч мужик дүрээр суудлаасаа боссон ч Д.Амарбаясгаланд өгөх алга ташилт аажмаар суларч байна. Тийм ч учраас МАН-д эрх мэдлийн төлөө улайрч тэмцээгүй, нүүрс ухаж баяжаагүй, сан тонож хөлжөөгүй тийм хүмүүсийг хоёрдугаар эгнээнээс урагш зогсоох шаардлага тулгарч байгаа нь гарцаагүй. Хэдийгээр Ерөнхийлөгч намын дотоод асуудалд оролцох эрхгүй гэж Үндсэн хуульд заасан ч хүссэн хүсээгүй гар дүрээд эхэлснийг хоригоос нь гадарлаж болно. Тийм ч учраас 11-р сарын 15-нд болох намын их хурал цаашдын МАН-ын улс төрийн олон алхмыг тодорхой болгож өгөх юм. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэх дүр улс төрөөс хэсэг хугацаанд хойш сууж арын эгнээний хүмүүсийн царай тодорч эхэлж байна.
Сэтгэгдэл үлдээх